Энэ жил хүүхдийн баярыг аймгийн хэмжээнд “Эрдэнэтийн хүүхдүүд-Бидний ирээдүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн баяр зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хүүхдийн баярын нээлтийн ёслол А.Амарын талбайд зургадугаар сарын 01-нд 11 цагаас эхэлнэ.
Баяраар өглөөний 10.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл Холбооны уулзвараас Баян худалдааны төв хүртэлх авто замыг хаахаар болсон байна. Хүүхдийн баяраар төв талбайд болох тоглолт нь “Хөгжмийн гайхамшиг”, “Дууны гайхамшиг”, “Бүжгийн гайхамшиг” гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна.
2018-2019 оны хичээлийн жилд улсын болон олон улсын уралдаануудад амжилттай оролцсон 320 орчим хүүхэд оролцох аж. Ийнхүү нээлтийн ёслолын дараа УСО-ы дугуйлан болон СУИС-ийн оюутнууд,”Яргуй” наадмын шилдгүүд хамтран өөрсдийн уран бүтээлийн дээжээс Эрдэнэтчүүдэд толилуулна.
Баярын өдөр борлуулах хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээнд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж ажиллана. Мөн “Хоёр Эрдэнэ” ХХК-ийн ажиллуулдаг хүүхдийн паркт тус газрын улсын байцаагчид хяналт, шалгалт хийсэн тул ажиллах зөвшөөрлийг олгожээ. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах баг томилсон аж. Түүнээс гадна 6-р сарын 1-нд аймгийн Засаг дарга Д.Батлутын гарын бэлгийг зорилтот бүлгийн 300 гаруй хүүхэд болон тухайн өдөр төрсөн эх, хүүхдүүдэд гардуулах юм.