Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон.
Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдээж шийдсэн юм.
Энэхүү газар нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын лицензтэй талбай бөгөөд энэ компани Засгийн газрын тогтоол гарахаас ч өмнө хөрс хуулалтаа эхлүүлж, уурхайн кэмпээ байгуулсан байдаг. Ийнхүү “Сауд гоби коал транс” компани уурхайн ажил эхлүүлэхдээ л улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байж. Тийм учраас нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагууд хууль дүрмийн дагуу дээрх компанийн хууль бус ажиллагаатай өнөөдрийг хүртэл тэмцсээр иржээ.
Харин энэ хугацаанд Өмнөговь аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ-аас дээрх компанийн хууль бус үйлдлийг зогсоох, хууль бусаар нүүрс тээвэр хийж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүсэж Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд, Зам тээврийн яаманд хүргүүлж байсан ч үр дүнд хүрч чадаагүй байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас уурхайн үйл ажиллагаанд хяналт шалгалтуудыг тогтмол явуулж иржээ.
Үүний дүнд, 2017 оны гуравдугаар сард сумын мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр уурхайн үйл ажиллагааг арав хоног хаасан боловч уурхай үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр иржээ. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт оруулж, улсын байцаагчийн 31 шаардлага бүхий акт тогтоон, хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.
Тодруулбал, Хяналт шалгалтыг геологи уул уурхайн, байгаль орчны, авто тээврийн, автозамын, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт зэрэг нийт таван чиглэлд явуулжээ. Улмаар, ашигт малтмалын төлбөр төлөөгүй, уулын ажлыг зураг төслийн дагуу явуулаагүй, орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, ус ашиглах дүгнэлтгүй, химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй, автозамын транс тогтоолгоогүй зэрэг 30 гаруй зөрчил илрүүлжээ.
Улмаар дээрх компанийг Ашигт малтмалын тухай хууль, Барилгын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Автотээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль зэрэг Монгол Улсын хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн гэж үзсэн байна. Ийнхүү илтэд хууль зөрчин ажиллаж буй дээрх уурхайн үйл ажиллагааг зогсоох, зөрчил дутагдлыг арилгуулахаар аймгийн удирдлагууд болон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хугацаанд хүчин чармайлт гарган ажиллаж иржээ.
Гэвч орон нутгийн байгууллага, удирдлагуудын хувьд эрх мэдэл дутаж байгаа гэдгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэллээ. Түүнчлэн орон нутгийн иргэд болон аймгийн эрх бүхий байгууллагууд, Засаг дарга, ИТХ-ын гишүүд, Өмнөговь аймгийн уугуул иргэд “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсооход санал нэгдсэн байна. Тиймээс өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ны өдөр Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөнөөс Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт шаардлага хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТ
Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Саудгоби коэл транс” ХХК нь уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, стандартыг дагаж мөрддөггүй, алхам тутамдаа зөрчиж, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль экологид ноцтой хохирол учруулж байна. Энэ талаар танай байгууллага холбогдох шалгалт явуулан “Саудгоби коэл транс” ХХК нь геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөлмөрийн болон эрүүл ахуй, авто тээврийн хяналтын талаар тогтоосон хэм хэмжээ, стандарт шаардлагыг олон талаар зөрчсөн асуудлыг шалгаж тогтоон 2019 оны 04 сарын 05-ны өдөр 16/05/ 089/105 тоот “Зөрчил арилгуулах тухай” мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж байжээ.
Монгол Улсын аль нэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага хууль зөрчсөн бол тухай бүрт нь хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулдаг байхад “Саудгоби коэл транс” ХХК нь Зөрчлийн тухай,
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын хэвлийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Газрын тухай, Усны тухай, Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Авто тээврийн тухай зэрэг олон хууль тогтоомжуудыг зөрчиж 30 гаруй төрлийн зөрчил үйлдсэн нь дээрх шалгалтаар хөдөлбөргүй баримтаар тогтоогдсон хэдий ч өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчимд харшилж байна.
“Саудгоби коэл транс” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа үүгээр дууссангүй. Сэтгүүлчид, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, нутгийн ард иргэд хамтран тус компанийн уурхайн болон орчны байдалтай газар дээр нь очиж танилцахад уг уурхайтай хил залган оршдог Өмнөговь аймгийн Гурвантэс болон ойр орчмын бусад сумд, суурьшлын бүсүүд, Гурвансайханы байгалийн цогцолборт газар, Говийн Алтайн нурууны салбар, зүүн төгсгөл, Монгол орны улаан номонд бүртгэгдсэн олон төрөл зүйл сүүн тэжээлтэн, хөхтөн амьтад, говийн ховор ургамал бүхий Монгол орны өмнийн говь дахь экологийн чухал ач холбогдолтой газрын нэг болох Тост, Тосон Бумбын нуруу орчмын байгаль экологи сүйтгэгдэн, буцаж унаган төрхөндөө орж, эргэн сэргээгдэх боломжгүй болтлоо эвдэрч, нүд халтирч, зүрх зүсэгдэм өнгө төрхтэй болжээ.
Энэ хүрээнд бид олон зөрчил дутагдалтай нүүр тулж байснаас та бүхний өмнө шалгаж нэгэнт тогтоосон асуудалтай давхцуулахгүй шинээр илэрсэн дараах баримтуудыг хүргэж байна. Үүнд:
1. “Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар ААН нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг үнэлж тогтоосон байхаас гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авахын өмнө, болон зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлон уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгаж, газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй байдаг.
Гэтэл “Саудгоби коэл транс” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлуулахдаа тухайн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, ард иргэдэд дээрх байдлаар хуулийн шаардлага хангаж ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсэн талаар танилцуулан, иргэд нийтийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэх талаар хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж, эрх бүхий этгээдүүдтэй хуйвалдан, Гурван тэс сумын “Тост” багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, тогтоолыг хуурамчаар үйлдүүлэн, тэр бүү хэл нас барсан хүнийг уг хуралдаа оролцон үг хэлж, дэмжиж байсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдүүлэн, хууль зөрчиж байжээ. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалган тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэлгүй өнгөрчээ.
2. Тухайн компани ус ашиглах, хэрэглэхдээ тухайн сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд уурхайн үйл ажиллагаанд ашиглаж болох усны нөөцийн хэмжээг зохих стандарт шаардлагын дагуу судалж, тогтоогоогүй, уурхайн үйл ажиллагааны явцад хөрсний ус ашиглахдаа технологийг горимыг баримтлаагүйгээс хөрсний ус хальж, одоогоор уурхайн нэг ам бүхэлдээ усаар дүүрсэн, энэ асуудлыг ард иргэд, мэргэжлийн байгууллагаас нууж, тухайн хэсэгт гаднын хүн нэвтрүүлэхгүй байна.
Энэ бүс нутагт бүрэлдэж байгаа усны урсац нь Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдгийг нутгийн иргэд, мэргэжлийн хүмүүс бүгд хэлж байна. Гэтэл “Саудгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн ашиглалт, тээвэрлэлтийн улмаас дээрх байдлаар хөрсний ус хальж, хальсан ус уурхайд орж, уурхайн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа химийн бодис, тэдгээрийн хольц, үлдэгдэлтэй нийлж, усны чанар, найрлагад өөрчлөлт орж, бохирдох үүсч, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, усны өгөөж доройтох замаар усны хомстол үүсч, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдах бодит аюул бий болжээ.
3. “Саудгоби коэл транс” ХХК нь хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны аль ч шатанд тэр тусмаа уурхайгаас нүүрс олборлож, тээвэрлэх үйл ажиллагааны явцад зам дэд бүтцийн асуудлыг хууль журмын дагуу бий болгож, шийдвэрлээгүй өнөөг хүрлээ. Уурхайгаас нүүрс тээвэрлэж,байгаа автомашинууд батлагдсан маршрутаар, тусгайлан тавигдсан стандарт замаар тээвэрлэлт хийдэггүй, өөрсдийн дураар стандарт шаардлага хангаагүй газар олон тооны хүнд даацын автомашинууд байрлуулан, засвар үйлчилгээ хийдэг, Буйлсын ой хэмээх говийн нарийн тогтоц бүхий ногоон бүсийн тэхий дундуур авто зам гаргаж, тээвэрлэлт явуулж байгаа зэргээс болж Тост, Тосон бумбын нуруу төдийгүй Өмнөговь аймгийн 3-4 сумын нутаг дэвсгэрийг хамарсан олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногуудад зэрлэг ан амьтан, мал унаж эндэн, зэрлэг ан амьтан дайжин үгүй болж байна.
Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-д зааснаар “тусгай зориулалтын авто зам, түүний байршил, чиглэлийг тухайн орд газар, уурхайн байршил, тээвэрлэлт, тухайн бүс нутгийн газар зүйн онцлог, ан амьтны тархац, нутагшилт, тэдгээрийн шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх байдал зэргийг харгалзан төлөвлөж, тогтоон…заавал хатуу хучилттай хэлбэрээр барьж байгуулах талаар” журамлан тогтоожээ.
“Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх, үүнд шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байх ёстой бөгөөд “Авто замын тухай хууль”-д заасанчлан Саудгоби коэл транс” ХХК нь дотоодын буюу уурхайн олборлолт, ашиглалтын талбайн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх хэрэгцээнд зориулан барьсан авто зам, мөн уурхайгаас нүүрс, нурмаг ачаа тээвэрлэж байгаа хүнд даацын машин, механизмын тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замууд болон замын байгууламжийг барих, шинэчлэхэд шаардагдах хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, техникийн шаардлага, өртгийн тооцооны нэгдсэн баримт бичиг боловсруулж, норм, норматив, техникийн үзүүлэлт зэргийг стандарт шаардлагын хэмжээнд судалж бүрдүүлээгүй, зам, дэд бүтэц нь шаардлага хангахгүй говийн эмзэг хөрс, орчны экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна.
-“Саудгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны явц дахь авто замын хөдөлгөөний эрчим буюу тухайн авто зам, замын байгууламжаар нэгж хугацаанд зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт, голлон ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл, машин механизмын төрөл, ангилал, түүний говийн эмзэг зөөлөн хөрс бүхий газрын гадаргад орчинд үзүүлэх нөлөөллийг судалж, одоо бий болсон сөрөг нөлөөллийг нарийвчлан тогтоох зүй ёсны шаардлага бий болсон нь газар дээр нь очиж танилцсан хэн бүхэнд ойлгогдохоор байна.
Иймд дээрх ААН-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль экологид учруулсан хохирлыг бодитойгоор судлан тогтоох, арилгуулах хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагаас уурхайн үйл ажиллагааг өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд зогсоох арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна. Бидний хувьд тэмцлээ зогсоохгүй, харин ч идэвхжүүлэн Тост, Тосон Бумбын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагаар гаргуулах, “Саудгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалтын, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас хүн, мал, амьтан байгаль экологид учруулсан хохирол, хор уршгийг бодитойгоор тогтоолгон, үнэлгээ хийлгэж, хохирлыг арилгуулах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл ажиллах болно. Та бүхнийг өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
ӨМНӨГОВИЙН ОЮУНЫ ХӨГЖИЛ САН ТББ