Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат 29 настай залуу Б-гийн жолоодож явсан 12-13 ТТА улсын дугаартай 60 тоннын “Хово 371” загварын ачааны автомашин уурхайн ухаш руу унаж осолдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. ОБЕГ ослын тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан юм.
Ослын газарт ОБЕГ-ын 3 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, аймгийн Прокурорын газрын 2 ажилтан, МХЕГ-ын 2 ажилтан, Сэлэнгэ аймгийн МХГ-ын 4 ажилтан, Баянгол сумын мэргэжлийн ангийн 2 хүн, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Шарын гол” ХК-ийн 10 ажилтан,“Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 60 ажилтан, “Болор-Оргил майнинг” ХХК-ийн 4 ажилтан, нийт 119 хүн ажиллаж байгаа юм байна.
Өчигдрийн байдлаар 8 метрийн гүнд, 15 метрийн тойрогт нийт 18 удаагийн шумбалт хийн шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, жолооч залуу кабин дотор байхгүй байжээ. Нийт 7 насосоор 41015 м3 усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 1,9 метрээр багасаад байгаа юм байна.
Осолдсон машины бүхээгийн урд купер, дугуй усны мандалд гарсан ба эргээс 41.8 метрийн зайтай аж. Хамгаалалтын даланг сэтэлж нуурын усыг гадагшлуулах 412 м урттай суваг татаж байна. Мөн осолдсон газар руу 462 м3 шороог зөөвөрлөж зам тавьж ажиллаж байгаа бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:40 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод, өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.