Бид шинээр хүнтэй танилцах үедээ тухайн хүнээсээ аль болох их мэдээлэл авахыг оролддог. Учир нь бид харилцагчаа ойлгосны дараа л түүнтэй хэрхэн харилцвал таалагдаж болохоо мэдэж авдаг билээ. Энэ үүднээс бид танд анхны уулзалтаараа л бусдад таалагдах 10 аргыг танилцуулж байна.
1. Халуун дулаан уур амьсгал
Өгөөмөр, нинжин сэтгэлтэй хүнтэй харьцах үедээ та өөрийгөө энэ хорвоо дээрх цор ганц мэтээр мэдрэх болно. Учир нь ийм хүмүүстэй харилцах үед тэд зөвхөн танд бүх анхаарлаа хандуулдаг юм. Үргэлж өөрөөсөө эерэг энерги ялгаруулж байдаг эдгээр төрлийн хүмүүс бусдыг маш ихээр татаж чаддаг. Цаг ямагт энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй байх амархан биш хэдий ч эргэн тойрныхондоо сайхан бүхнийг түгээж байх нь том хүндлэл биш гэж үү?
2. Инээмсэглэл
Зарим улс орны хүмүүс гудамжаар явж байхдаа бие бие рүүгээ мишээдэггүй. Инээсэн нэгэн рүү муухай харах ч үе бий. Гэхдээ инээмсэглэл хүнийг чимдэг гэдгийг бүү мартаарай. Бусад хүмүүс тань руу хараад инээхгүй байж болох ч та муухай харах хэрэггүй. Учир нь хүмүүс үргэлж инээж, өөрөөсөө гэрэл цацруулж байгаа нэгэнд дуртай байдаг. Мөн таны инээхийг харсан нэгэн эерэг сэтгэгдэл авч, өөдөөс чинь инээмсэглэдэг жамтай билээ. Тиймээс ямар ч харилцаанд бие бие рүүгээ инээмсэглэн харж, ярилцаж байгаарай.
3. Нүд рүү харах
Хүнтэй ярилцах үедээ үргэлж нүд рүү нь харах хэрэгтэй. Гэхдээ цоо ширтэж бас болохгүй, учир нь нөгөө хүнээ айлгаж, бодолд автуулах болно. Мөн өөр тийш харцаа буруулах ч хэрэггүй, энэ нь таныг хулчгар мэт харагдуулна. Ердөө л харьцаж буй хүнийхээ нүдний хэлбэр, өнгийг тогтоогоод авбал дахин дахин ширтэж эсвэл дальдчихаа больдог байна.
4. Анхаарал хандуулах
Та кофе шопд нэг хүнтэй хамт байлаа гэж бодьё. Таны ард талын ширээн дээр Есүс Христ шиг залуу сууж байсан ч хамаагүй анхаарлаа зөвхөн хамт байгаа хүндээ л хандуулаарай. Утас, фэйсбүүкийн чат зэргээ март. Зурвасууд тань хашаа ч явахгүй, хүлээж л байна. Утсаа дуугарсан ч бүү ав, залгасан хүн чинь завгүй байгааг тань ойлгох л болно.
5. Идэвхтэй бай
Та хэдэн удаа найзуудтайгаа хамт шөнийн клуб орохдоо цагийг утсаа ширтэж өнгөрөөж байсан бэ? Энэ зөв зүйл гэж үү. Та амьдралаа илүү хөдөлгөөнтэй, эрч хүчтэй өнгөрөөх хэрэгтэй шүү дээ. Тиймээс хүмүүстэй цаг гаргаж уулзах үедээ ярианд нь оролцож, хамтдаа хөгжилдөж сурах хэрэгтэй. Учир нь та олны дунд байхдаа бусадтай хэрхэн зөв харилцах ёстойг суралцаж, нийгэмшиж байдаг юм шүү.
6. Биеийн хэл
Хүнтэй харьцаж байхдаа тайван илэн далангүй хэрнээ, цэх зогсох нь ямагт зөв байдаг. Энэ нь таныг бие сэтгэл, оюун санаагаараа эрүүл болохыг илтгэдэг ажээ. Харин хөлөө савчих, биеэ сэгсрэх гэх мэт үйлдэл гаргаад байвал хүмүүс таныг ямар нэгэн байдлаар эрүүл бус хэмээн бодох болно.
Тиймээс биеэ зөв авч явж, үйлдлээ хянаж сураарай. Мөн ихэнх хүмүүс хөл, гараараа ямар хөдөлгөөн хийж байгаагаа анзаардаггүй. Тэдгээр эрхтэн нь яг л өөрийн гэсэн тусдаа тархитай мэт байх нь бий.
7. Магтаалын үг хэлэх
Хүнийг магтаж яриа эхлүүлэх нь харилцааны хамгийн амжилттай арга байдаг гэнэ. Гэхдээ худлаа эсвэл хэт ичмээр магтаал бүү хэлээрэй. Учир нь сайшаалын үгийг зөв санаа гаргаж, сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй байдаг юм шүү. Жишээлбэл, нөгөө хүнийхээ өмссөн хувцас, үсний засалт, уншиж буй ном зэргийнх нь тухай юу мэдэрснээ энгийн, ухаалаг, соёлтой байдлаар илэрхийлж, магтаалын үгс хэлж баярлуулаарай.
8. Нийтлэг зүйлээ ол
Танихгүй хүмүүс хоорондоо харилцахдаа нийтлэг зүйлийн тухай санаа бодлоо хуваалцах дуртай байдаг. Энэ нь хоёр хүнийг хооронд нь ойртуулдаг юм. Тиймээс та хоёр хэр хурдан нийтлэг зүйлээ олж, түүнийхээ тухай яриа өрнүүлж чадна, тэр чинээгээрээ хурдан нөхөрлөх болно.
9. Харилцагчаа инээлгэ
Хошин шогийн мэдрэмж нь хүмүүстэй харилцахад чухал нөлөө үзүүлдэг. Гэвч орчин үед хүмүүс хошигнож чадахгүй, түүнийг ойлгохгүй байх нь бий. Гэхдээ та харилцагчаа инээлгэж чадвал тухайн хүн таныг хөгжилтэй, догь хэмээн боддог ажээ.
Сонирхуулахад, инээх үед хүний тархи яг л мансууруулах бодис хэрэглэсэн юм шиг ажилладаг байна. Магадгүй үүнээс болоод хүмүүс инээх дуртай байдаг биз ээ.
10. Дүртэй бол
Дүрд хувирах нь хэн нэгнийг хуурч байгаа зүйл огт биш. Яагаад гэвэл та яг одоо ч өөрийнхөө биеийг өөрөөр авч яваа шүү дээ.
Хэнтэй байгаагаасаа хамаарч хүн өөрийн үйлдлээ цэгнэж байдаг нь нууц биш. Тиймээс хүнтэй шинээр танилцахдаа тухайн үеийн мэдрэмжээрээ л түүнтэй харьцах хэрэгтэй. Үүнд огт буруу, муу зүйл байхгүй гэдэгт итгээрэй.
Эх сурвалж: