Ядууст бага хүүтэй,барьцаагүй бичил зээл олгодог “Грамен” хэмээх банк байгуулж,түүгээрээ 2006 онд Нобелийн шагнал хүртсэн Бангладешийн эдийн засагч Мухаммед Юнус дэлхий дахинд ядууст олгодог бичил зээлийн туршлагыг нэвтрүүлжээ Мухаммед Юнус Грамен банкны үндэс сууриа анх 1976 онд тавьжээ. Тухайн үед Читтангонгын их сургуулийн профессор байсан Мухаммед Юнус орон нутгийн ядуу иргэдэд зээл олгох, банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай судалгаа хийжээ. Судалгааныхаа үр дүнг амьдралд хэрэгжүүлэх оролдлого хийсээр 1983 онд барьцаагүй бичил зээл олгодог Грамен банк хууль ёсоор бие даасан банкны үйл ажиллагаа явуулах эрхээ авсан юм.

Грамен буюу Grameen банкны уриа нь “Ядуусын төлөө банк”.
Олон хүнийг хамрах бизнесийн зах зээлийг өргөжүүлж, жижиг зээл олгон Бангладешийн хүн амын ядуурлыг бууруулах нь “Грамен” банкийг үндэслэгч Мухаммед Юнусын зорилго байв. 2001-2007 онуудад Грамен банкны үйл ажиллагаа идэвхтэй өргөжиж, 2011 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 8.4 сая зээлдэгчтэй болсон бөгөөд 97 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв.

Мөн бичил зээлийн үйл ажиллагааг нэвтрүүлсэн Энэтхэг, Индонез, Мексик, Тайланд улсуудын туршлагуудыг хооронд нь харьцуулан судалгаа хийхэд Бангладешийн Грамен болон BRAC банкууд хамгийн үр ашигтай ажиллаж байгаа нь тогтоогджээ.

Харин бичил зээлийн төрөлх нутаг гэж болох газар тариалангийн үйл ажиллагаанд Грамен банк зээл олгодоггүй аж. Өсөлт, дэвшил шаардлагатай эдийн засгийн салбаруудыг эргэлтэд оруулах нь барьцаагүй бичил зээлийн зорилго учраас газар тариалангийн салбар гадна үлджээ.

Мухаммед Юнусын судалгаанд үндэслэн Бангладешт барьцаагүй,бага хүүтэй бичил зээлийг анх Засгийн газрынх нь санхүүжилтаар, тусгай зээлийн хөтөлбөрүүдийг зарлан олгож эхэлсэн байна.

Бангладеш улсын туршлагаас харахад бичил зээл олгосон 20 жилийн хугацаанд тус улсын 2.5 сая орчим иргэнд бичил зээлийн үйлчилгээ хүрч, ядуурал 10 хувиар буурсан тухай Дэлхийн банкнаас 2016 онд хэвлүүлсэн Бангладешийн бичил санхүүгийн салбарын талаарх “Beyond Ending Poverty” номонд өгүүлсэн байна.

Ингээд бичил зээлийн “эцэг” гэгддэг Нобелийн шагналт Мухаммед Юнусын indianexpress-т өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна Тэрбээр 2017 оны есдүгээр сарын 26-нд “Гурван 0 бүхий дэлхий:Ядуурлын хэмжээ 0, ажилгүйдлийн төвшин 0, хүлэмжийн хийн ялгарал 0” номоо уншигчдын хүртээл болгосон бөгөөд уг номынхоо Энэтхэгчүүдэд зориулсан хувилбараа хэвлүүлэх үед Энэтхэгийн Мумбайд зочилж, эл ярилцлагыг өгч байжээ.Тэрбээр ярилцлагадаа “Хүмүүс интерпренер болох гэж төрсөн болохоос биш ажил хайгчид болох гэж төрөөгүй” хэмээн онцолсон байна.

-Номныхоо талаар манай уншигчдад танилцуулаач?

-Энэхүү номонд ядуу хүнгүй, ажилгүйдэлгүй дэлхий ертөнцийг бүтээх тухай өгүүлнэ. Номоороо хүн төрөлтхтөн буруу хэрэглээг бий болгосон, алдаатай эдийн засгийн тогтолцооны талаарх асуудлыг хөндөн гаргаж ирсэн. Алдаа, дутагдал бүхий эдийн засгийн тогтолцоо нь хүнийг зөвхөн аминчхан үзэл дээр тулгуурлан шийдвэр гаргадаг мэтээр ойлгуулж байна. Хүн гэдэг нь аминчхан болон аминчхан бус гэх хоёр туйлын нэгдэл боловч бидний дагаж мөрддөг капитализмд аминчхан бус гэх нэг талыг нь орхигдуулсан. Хүмүүсийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд аминчхан бус үзлээр аливаа бизнесийг эхлүүлэх нь зүйтэй гэж би үздэг.

-Аминчхан бус үзэлд суурилсан бизнес загвар гэхээр ямар ялгаатай вэ. Таны хувьд ийм төрлийн бизнес хийж байв уу?

– Ийм төрлийн бизнесийг нийгэм рүү чиглэсэн бизнес гэж нэрлэдэг. Миний хувьд энэ төрлийн бизнесийг насаараа эрхэлж байна. Одоо бол дэлхий даяар “нийгмийн” бизнес газар авсан. Корпорациуд ашгийг чухалчилдаг уламжлалт үндсэн бизнес чиглэлийнхээ хажуугаар сошиал бизнесийн чиглэлийг хамтад нь хөгжүүлэх болсон. Жишээлбэл, Тата компанийн дэргэд Тата Ган, Тата Эм, Тата Итгэл зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэтхэг, Франц, Герман, Канад зэрэг улсуудад компаниуд нийгмийн бизнесийг мөн адил эрхлэх болжээ. Хамгийн гол нь үүнийг хийж байгаа хүмүүс нь залуу хүмүүс. Японы Асока,Энэтхэгийн Банарас, Хинди их сургуулиудад нийгмийн бизнесийн төвийг нээн ажиллуулж байна. Энэ бүх санаачлагууд нь тогтолцооны алдаатай байдлыг засахад чухал нөлөөтэй.

Эдийн засгийн онолын бас нэг алдаатай агуулга бол хүн төрөлхтөн үргэлжлүүлэн амьдрахын тулд заавал ажилтай байх ёстой гэсэн ойлголт. Хүн бүхэн тусгаар тогтносон шинжтэй төрдөг

Хүмүүс шинийг санаачлагч, интерпренер болох заяатай болохоос ажил хайгчид болохоор төрөөгүй.
Бид хойч үедээ нэг бол бусдын төлөө ажиллах, үгүй бол интерпренер болох гэсэн хоёр л сонголттой тулгарна гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ бид бүгд интерпренер болвол ажилгүйдэл гэдэг зүйл байхгүй болно. Эцсийн эцэст ажилтай байх гэсэн ойлголтын дүнд л “ажилгүйдэл” гэх ойлголт бий болсон.Өөрөөр хэлбэл, эдийн засгийн онол биднийг саажилтад оруулсан. Тогтолцооны энэ бүх алдаа нь улс төрийн буруу бодлоготой салшгүй холбоотой.Жинхэнэ улс төр чиний хүсэл мөрөөдлийг дэмжих ёстой болохоос чамайг өөр нэгний ажилтан болгож загварчлахгүй л байсан.

Одоогийн санхүүгийн тогтолцоо нь чи их мөнгөтэй л бол төдийчинээгээр эргүүлэн авна гэсэн зарчим дээр суурилж байна. Чи юу ч үгүй бол юу ч авахгүй. Мөнгөтэй хүнд илүү их мөнгөтэй болох нөхцөлийг нь бүрдүүлэх үү, эсвэл мөнгөгүй нэгнийг мөнгөтэй болох нөхцөлийг бүрдүүлэх үү.Энэ бол төрийн бодлогын асуудал. Төр хоёр дахь сонголтыг хийх хэрэгтэй. Ингэснээр бичил санхүүгийн зах зээл бий болно.

-Грамен банкийг үүсгэн байгуулсныг тань үнэлж Нобелийн шагналыг гардуулснаас хойш багагүй хугацаа өнгөрч. Таны гаргасан санаа хэр хэрэгжиж байгаа гэж үздэг вэ?

-Тухайн үед би зөвхөн орон нутагт тулгамдаад байсан ядуурлын асуудлыг шийдэхийг оролдож байсан оролдлого маань бодит амьдрал дээр хэрэгжинэ гэж төсөөлөө ч үгүй. Гэхдээ хэрэгжиж эхлэхэд бүх бүхэнд ашиг тусаа өгч эхэлсэн. Бангладешт анх биеллээ олсон бичил зээл маань бусад улс орнуудад хэрэгжиж эхлэхэд мэдээж баяртай байлгүй яахав. Хэдийгээр дэлхийн зарим хэсэгт маш сайн үр дүн гарч байгаа ч миний төсөөлсөн шиг хангалттай цар хүрээг хамарч чадсангүй. Грамен банкийг үүсгэн байгуулснаас хойшхи 40 жилийн хугацаа бол нийт банкны систем хүнийг баян, ядуугаар нь ялгаварлалгүй, ядууст ч гэсэн санхүүгийн үйлчилгээг тогтвортой байдлаар хүргэдэг болж өөрчлөгдөхөд хангалттай хугацаа. Гэвч төдийлөн хангалттай хэрэгжсэнгүй.

-Яагаад?

-Би яг наад асуултыг чинь асуусаар л байна. Яагаад банк одоог хүртэл ядууст зээл олгодоггүй, мөнгөтэй хүмүүст зээл олгодог хэвээр байгаад байна вэ?  Хэрвээ чи мөнгөтэй бол чамд үүнээс илүү мөнгөтэй болох боломж бий, харин чи нэг ч зохор зоосгүй бол чи хэзээ ч мөнгөтэй болохгүй. Олон удаа өөрөөсөө ингэж асуусны эцэст хариултыг нь би олсон. Банкны тогтолцоог анхнаас нь буруу байдлаар загварчилсан. Бид санхүүгийн үйлчилгээ олгодог тэдгээр байгууллагуудыг банк гэж нэрлэдэг боловч яг үнэндээ банк ийм байдаггүй. Банкир хүнийг хэн бүхэнд банкны үйлчилгээг үзүүлдэг учраас банкир гэж нэрлэсэн. Банкийг хэн бүхэнд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг учраас банк гэж нэрлэсэн юм. Гэвч яг бодит байдал дээр аль нь ч хэрэгжихгүй байна.

-Грамен банкны хувьд ашгаа хаанаас олдог вэ?

-Үүсгэн байгуулагдсанаасаа хойш жилийн тогтмол 10-20 хувийн ашигтай байсаар ирсэн. Грамен банкны зээлдэгчид бол банкны эзэд учраас өөрсөддөө хөрөнгө оруулалт босгож зээл авдаг. Бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол хөрөнгийн төвлөрсөн байдал. Дэлхийн нийт хөрөнгө хэдхэн хүний гарт оччихсон. Энэ үзэгдэл нь борооны дараахь мөөг шиг олширч байна. Нийт хүн амын нэг хувь нь эд хөрөнгийн эзэд болон сууж, үлдсэн 99 хувь нь ядуусын давхаргад байсаар байна. Үүнийг шийдэх цорын ганц арга бол капитализмд өөрчлөлт оруулах юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн