Нийслэлийн Эрүүгийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран Эмээлт орчмын мах махан бүтээгдэхүүний үйлдвэр, түүхий эд хадгалалтын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтын явцад БНХАУ-ын иргэд зориулалтын бус, ариун цэврийн шаардлага хангаагүй газарт үхсэн болон муудсан үхрийн мах хадгалан, борлуулж байсныг илрүүлсэн байна. Урьдчилсан үзлэгээр үхсэн малын болон муудсан 20 гаруй тонн мах бэлтгэж байжээ.
Муудсан махыг тусгай химийн бодис ашиглан өнгө оруулж, сэргээн сумлаж худалдаанд гаргасан байх магадлал өндөр байсан байна. Лабораторийн шинжилгээний хариугаар үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор, Онцгой байдал, Мал эмнэлгийн газрууд хамтран устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ.
Уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн албанаас тус үйлдвэрийг үйл ажиллагааг газар дээр нь зогсоож, хэрэг үүсгэн шалгаж байна.