-Тусгай ажиллагаагаар 50 хүүхдийг суллажээ-
Олон улсын цагдаагийн байгууллага “Интерпол”-оос тусгай ажиллагаа явуулсны дүнд насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулдаг, зуучилдаг, хулгайлдаг улс дамнасан бүлэглэлийг илрүүлж, бэлгийн мөлжлөгт тарчлан зовж байсан 50 хүүхдийг суллан, есөн этгээдийг баривчилжээ. Баривчилгаа Тайланд, Австрали, АНУ-д зэрэг явагдсан бөгөөд “Интерпол”-ын өгч байгаа мэдээллээр бол энэхүү сүлжээнд холбоотой улсын тоо цаашид нэмэгдэх магадлалтай юм байна.
Интерпол 2017 онд насанд хүрээгүй хүүхдийг бусдад зуучилдаг нууцлаг цахим хуудсыг олж илрүүлэн хяналтдаа авснаас хойш энэ хэрэг дээр мөрдлөг явуулж эхэлсэн юм байна. Тэрхүү цахим хуудас нь дэлхийн олон улс орны 63 000 хэрэглэгчийг гишүүнээр нэгтгэсэн байсан аж. “Интерпол”-ын таамаглаж байгаагаар, яг энэ сүлжээгээр дамжсан 100 гаруй хүүхэд хаа нэг газар зовж байх магадлалтай тул тэдгээрийг олохоор мөрдлөгийг үргэлжлүүлж байгаа аж.
Сүүдрийн сүлжээ буюу нууц цахим хуудсууд нь ердийн хайлтын системээс тусгаарлагдсан байдаг бөгөөд нэвтрэхийн тулд тусгай шифр бүхий программ ашигладаг, гишүүдээс өөр хүн нэвтрэх боломж бараг байдаггүй гэнэ.
М.Салангам /Сууж байгаа нь/.
“Blackwrist” гэж нэрлэсэн эл ажиллагаа 2017 оноос эхэлж, хоёр жил гаруй үргэлжилж байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны мөрдөн шалгах хэлтэс бэлгийн мөлжлөгт орсон хүүхдүүдийн зураг, бичлэгийг хадгалж байсан цахим хуудасны IP хаягаар нэвтрэн мөрдлөг явуулсан аж.
Гэмт этгээдүүд долоо хоног бүр шинэ хүүхдийн зураг бичлэг оруулж байсан ч нүүрийг нь далдалдаг байсан нь мөрдөх ажиллагааг удаашруулж байсан гэнэ.
“Blackwrist” ажиллагааны эхний баривчилгаа өнгөрсөн оны нэгдүгээр сард Тайландад болж, цахим хуудасны гол админ Монтри Салангамыг Тайландаас, бас нэг админ Реча Токтапузаг Австралиас баривчилжээ.
М.Салангамд Тайландын шүүхээс 146 жилийн ял оноосон байна. Түүний хамтрагч, цэцэрлэгийн багш этгээдэд 36 жилийн ял оноожээ.
Р.Токтапузаг Аделаидын шүүх 11 хүүхдийг гэмт хэргийнхээ золиос болгосон хэрэгт буруутайд тооцож, 40 жилийн ял оноосон байна. Цагдаа нар түүний хувийн компьютерээс Австрали, Тайландад авсан хэдэн мянган хүүхдийн зургийг олсон аж. Түүний хохирогч болсон хүүхдүүдийн хамгийн бага нь 15 асартай байсан гэж бодохоор үнэхээр аймшигтай. Түүнд ял оноосон Аделаидын шүүхийн шүүгч Лиз Чэмпен “Чи бол хар дарсан зүүд, эцэг эхчүүдийн айдас, нийгмийн аюул занал” хэмээн хэлээд өгч болох хамгийн дээд ялыг оноож байжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны Тайланд дахь төлөөлөгч Эрик Маклафлины хэлснээр, баривчлагдсан хүмүүсийн хувийн мэдээллийг нийтэд зарлахаас одоохондоо түдгэлзэж байгаа юм байна. Ямартай ч тэдний зарим нь АНУ-д амьдардаг бөгөөд төрийн болон сонгуульт ажил хашдаг этгээдүүд ч байгаа ажээ.
Эх сурвалж: