Улаанбаатарт өдөрт 1000 орчим тонн хог хаягдал гарч үүнийг устгах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйлдвэр байхгүйгээс Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх хөр хөнөөлийг сааруулахад биш дэмжихэд нөлөөлөх байдал үүсээд байгааг олон улсын шинэ эрчим хүчний чуулганы үеэр онцолж байна. Монгол Улс нар салхины эрчим хүчээрээ дэлхийн эрчим хүчний хэрэглээний 20 хувийг хангах баялаг нөөцтэй. Гэвч манай улсын дотоодын эрчим хүчний хэрэглээ бага учраас илүүдэл эрчим хүчийг экспортлох боломж хязгаарлагдмал зэргээс шалтгаалан энэ салбар төдийлөн сайн хөгжихгүй байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор Парисийн хэлэлцээрт нэгдсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар “Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авдаг. Тухайлбал, энэ сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон зэрэг төрийн бодлого гардаг ч үр дүнд хүрэхгүй тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна. Тиймээс төрийн бодлого, шийдвэрт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ чуулганыг зохион байгуулж байна хэмээн “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардорж ярьж байна.
Чуулганы онцлог нь бодлого, дүрэм журам шүүмжлэхээс илүүтэй шийдэл гаргахыг зорьж буй юм. Тухайлбал, “ Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон нь оролцогчдын анхаарлыг татсан юм. Их Британи улсын “Нааново Грин Энержи Монголиа” компани хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Улаанбаатар хотод эхлүүлэхээр болсон байна. Тус үйлдвэр өдөрт 500 орчим тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх юм байна.
Дэлхийд хамгийн бага зардалтай, эрчим хүчний хэмнэлттэй технологуудын нэгээр хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх WTE Maax технологи тодроод байна. Ийм үйлдвэрүүд ихэнх нь дулааны эрчим хүчний 25-30 хувийг цахилгаан болгон үйлдвэрлэдэг. Түүнчлэн хог хаягдлын илчлэгээс хамааран цагт дунджаар 180-250 тонн хог хаягдал боловсруулан 7-14 мегаВатт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний гурав орчим хувийг хангахаар байгаа. Өдөрт 500 тонн хог цэвэрлэх хүчин чадалтай. WTE Маах технологийн гол давуу тал нь цахилгаан үйлдвэрлэхээс гадна их хэмжээний ундны ус болон тоосго үйлдвэрлэдгээр хойд Америкт,болон Европт түгээмэл байдаг уламжлалт технологуудаас ялгаатай ажээ. 2021 онд ашиглалтад орох уг үйлдвэр нь Улаанбаатар хотын Био комбинатын урдуур урсаж буй бохир усыг үйлвэрийнхээ хөргүүрт ашиглан буцаагаад 70 хувийг цэвэршүүлэн олон улсын ундны усны стандартад нийцүүлэн савлаж хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой юм байна.
Мөн шатаасан хогны үнсээр үнс, цементэн блок үйлдвэрлэж хаягдалгүй үйлдвэр бий болж улмаар Монголд цикуляр эдийн засгийн эхлэл болно гэж тус компанийн гйүцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг хэллээ. Тус компани дэлхийн 10 орчим улсад энэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм байна. Ил задгай энд тэндгүй хаягдаж олон жил хурлагдсан хогноос үүссэн хор, шатааж эрчим хүч үйлдвэрлэснээс үүссэн хороос илүү хортой байдаг гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ.
Нөгөөтэйгүүр уг технологи нь шаталтаас үүссэн хорыг агаарт дэгдүүлэхгүйгээр саармагжуулж, ууршуулдаг юм байна. Чуулганд Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, гадаад, дотоодын судлаачид зэрэг 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр “Говийн цэвэр эрчим хүч нэгдэл”- ийн хамтарсан уриалгад гарын үсэг зурах ёслол болов. Энэ уриалгаар говийн бүс дэхь цэвэр эрчим хүчний баялаг нөөцийг ашиглах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор цугларч нэгдэлд элсэж байгаагаа зарлав.
Түүнчлэн манай хотод өдөрт 950 орчим нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж дизель түлш шатааснаар агаарын бохирдлын 20 хувийн эзэлдэг байна. Тиймээс чуулганд цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх агаарын бохирдлыг бууруулж болох бүх төрлийн судалгаа, шийдлийг танилцуулсан нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад олзуурхууштай зүйл байв.
Түүнээс гадна нар,салхины хүчээр гарган авсан эрчим хүчийг бүх төрлийн гудамжны гэрэлтүүлэгт ашиглахаас гадна албан байгууллага, айл өрх өөрийн хэрэгцээнд ашиглаж болох талаар танилцуулга үзэсгэлэнг гаргасан байлаа. Энэ төрлийн эко зээлийг Хас банк олгож байгаа бол хөрөнгө оруулалт болон эко эрчим хүч үйлдвэрлэх технологи шийдлүүдийн талаар “ABB” компани танилцуулгаа хийж байсан юм. Энэ мэт олон шийдлийн талаар энд хэлэлцэв.
Оролцогчид Монголын Засгийн газраас эрх зүйн орчноо тогтвортой байлгаж холбогдох хууль, журмаа баталж, ард түмний сэтгэлгээг ногоон болгох соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бага наснаас нь төлөвшүүлэхийг хүсч байлаа. Түүнчлэн Монгол Улсыг цахилгаан эрчим хүчний экспортолгч орон болгоход чухал ач холбогдолтойг онцолсон юм. Хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчид олноор ирсэн байв. Тэд Монголын төрөөс улс төрөө тогвортой байлгаж бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийг нээлттэй болгохыг хүссэн.
Эх сурвалж: