Монгол улсад суух БНСУ-ын ЭСЯ-ны консулын ажилтан “А”-г хэргийн газраас зугтсан хэмээн Монголын цагдаагийн газраас шалгана хэмээн өчигдөр (2019.05.22) мэдэгдсэн талаар солонгосын хэвлэлд мэдээлснийг “Mglradio”-гийн Солонгос мэдээ буланд нийтэлжээ. Солонгосын хэвлэлд дурдсанаар, А нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны шөнө Хан-уул дүүргийн нэгэн байрны зогсоолд байрлуулсан Монгол иргэний машиныг мөргөн хэргийн газраас зугтсан гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Хохирогч хоёр өдрийн дараа машинаа мөргүүлснээ мэдэн цагдаагийн газарт дуудлага өгснөөр хяналтын камерын бичлэгийг шалган, сэжигтэн нь Солонгос улсын иргэн А болохыг тогтоосон ба цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгөх шаардлага хүргүүлэхээр удаа дараа утсаар холбогдохыг оролдсон боловч цагдаагийн газрын дуудлагыг үл тоон утсаа авахгүй байгаа аж.
Монголын нэгэн хэвлэлд, тус улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны дугаар бүхий автомашины зургийн дор “Нэрээ нууцалсан иргэний мэдээллээр уг хэргийг үйлдсэн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан байх магадлал өндөр байна” хэмээн бичжээ.
БНСУ-ын талаас консулын газрын дипломат ажилтны хувиар албан үүргээ гүйцэтгэж байх үед мөрдөн шалгах нь боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд сэжигтэн А-гийн бүрэн эрхийн хугацаа дууссан тохиолдолд хэргийг нэхэн мөрдөх төлөвлөгөөтэй байна хэмээн тайлбарласан байна.
Консулын ажилтны “Венийн гэрээ”-гээр дипломат ажилтан нь бүрэн эрхийнхээ хүрээнд онцгой эрх эдлэх хугацаанд эрүүгийн байцаан шийтгэл хүлээхгүй бөгөөд дипломат ажилтан бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа нээлттэй болно хэмээн заасан байдаг юм байна.
Иймээс Монголын тал сэжигтний бүрэн эрхийг дуусах хугацааг хүлээх шаардлага тулгараад буй аж.