Манай улсад 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127 мянга буюу 66.3 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 62 мянга нь боловсролын салбарын, 20 гаруй мянга нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад байгаа аж.
Төрийн албан хаагчид дунджаар 60-70 ам.метр талбайтай, ам.метрийг нь 1.2 сая төгрөгөөр худалдан авах сонирхолтой байгаа тухай салбарын сайд мэдээлж байна. Мөн судалгаагаар 20 гаруй мянган төрийн албан хаагч орон сууц түрээслэн амьдрах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн 1512 орон сууцны сан бүрдүүлсэн бөгөөд тэрхүү орон сууцны 25 хувь буюу 325 орон сууцанд төрийн албан хаагчид амьдарч байгааг сайд мэдээлэлдээ дурдсан.
Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт 570 айлын, нийслэл хотод 972 айлын, нийтдээ 1542 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна гэлээ. Засгийн газраас эдгээр орон сууцыг түрээсээр олгохоор шийдвэрлэсэн нөхцөлд 414 айлын орон сууцыг төрийн албан хаагчид олгох боломж бүрдэх аж.
Мөн БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Баянголын ам, “Солонго-1”, “Солонго-2” хорооллуудыг дэд бүтцийн хамт барьж байгуулах бөгөөд энэ хөрөнгөөр ашиглалтад орох 7000 гаруй айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглаж боломж бий болох юм байна. Үүнээс 750 айлын орон сууцыг төрийн албан хаагчдад олгоно хэмээлээ.
Мөн БНХАУ-ын 350 сая юаний буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, эдгээр орон сууцуудыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийг түр суурьшуулах зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.