Хийж буй зүйлдээ дурлах л юм бол амжилтад амархан хүрнэ гэсэн яриаг байнга л сонсож байсан биз ээ. Ялангуяа хүмүүс нас биед хүрээд хүүхэд насны хүсэл мөрөөдөл нь амьдралын нөхцөлөөр хугачин дарагдахад мөрөөдлөө биелүүлэхээс ч айдаг шүү дээ.
Тэгвэл хүүхэд наснаасаа өөрийн замаа сонгож, айх айдсаа ардаа хийж, амжилтад хүрсэн хүмүүс олон бий. Тэдний түүхийг уншаад гэрт тань ирээдүйн Жон Рокфеллер, Эсте Лаудер өсөн торниж байгаа эсэхийг мэдэж аваарай.
Ингвар Кампард
Ингвард Кампард 5 насандаа хөршүүддээ шүдэнз зардаг байжээ. Үүнээс хоёр жилийн дараа хотоор дугуйтай явж, шинэ худалдан авагчдад бараагаа санал болгодог болов. Хүү ч найдвартай худалдагчийн нэр хүнийг амархан олж авсан байдаг.
Кампард Стокгольмоос шүдэнзээ бөөний үнээр худалдан авч, жижиглэнгээр тун тохиромжтой үнээр зардаж байв. Шүдэнзний дараа загас, гацуурын тоглоом, үр, бал, харандаа гэж зарж явсаар гэр ахуйн бараанд оржээ. Ингварыг 17 настай байхад аав нь сайн сурсан хэмээн мөнгөөр шагнажээ. Энэ мөнгөөрөө тэр анхны үйлдвэрээ нээж, IKEA хэмээн нэрлэсэн юм.
Уоррен Баффет
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, алдарт хөрөнгө оруулагч, 2019 оны байдлаар 84 тэрбум долларын хөрөнгөтэй Уоррен Баффет багадаа л Coca-Cola-наас орлого олдог байжээ. Тэрбээр лаазтай ундаа худалдан авч, хөршүүддээ үнэ нэмж зардаг байв. 11 насандаа анх удаа бирж дээр тоглож, орон сууцнуудад хий нийлүүлдэг Cities Service компанийн гурван хувьцааг худалдан авчээ.
Гэнэт энэ хувьцааных нь ханш унаж, удалгүй 38-40 доллар болтлоо өссөн байна. Энэ үед Баффет үнэт цаасаа зарахаар шийдсэн ч хожим нь хувьцааных нь ханш тав дахин нэмэгдэж, түүндээ маш их харамссан гэдэг.
Энэ явдал ирээдүйн тэрбумтанд томоохон сургамж болж, тэрбээр урт хугацааны хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болжээ. Баффет өнөөг хүртэл Coca-Cola-нд дуртай. Үүнийг урт наслалтын ундаа гэж үзэж, өдөрт 3 лаазыг уудаг байна.
Ричард Брэнсон
Virgin Gorup корпорацийг үүсгэн байгуулагч, Их Британийн хамгийн баян хүмүүсийн нэг Ричард Брэнсон 11 насандаа тоть үржүүлж зардаг, мөн зул сарын гацуур ургуулж худалддаг байв. Мэдээж энэ хоёр бизнес нь дампуурсан түүхтэй.
Ричард унших чадвар сул, сурлага муу байсан тул 16 насандаа сургуулиа хаяж, нийслэлийг зорьсон байна. Сургуулийн захирал нь түүнийг үдэж өгөхдөө нэг бол шоронд орно, нэг бол саятан болно гэж хэлж байсан гэдэг.
Тэгтэл хоёр дахь зөгнөл нь биелж, Лондон түүнд амжилт авчирсан байна. Брэнсон Student сэтгүүл хэмээх анхны амжилттай бизнесээ эхлүүлж, 17 насандаа анхны сайн үйлсийн Student Advisory Centre-г байгуулсан түүхтэй.
Уолт Дисней
Ядуу гэр бүлд төрж өссөн Уолт Дисней хүү эцгийнхээ алганы амтыг байнга хүртдэг нэгэн байв. Эцэг нь биеийн шийтгэлээс илүү сайн хүмүүжил байхгүй гэж үздэг байсан ч хүү амьдралын баяр баясгалантай өсөж, аав ээжийн хамт Чикагогоос Миссури мужийн фермд нүүж ирэхэд хөршүүд нь хүүг хайрлаж, хүү ч тэдний тэжээвэр амьтдыг хайрлаж эхэлжээ.
Тухайн үед хүүгийн гэр бүлийн санхүүгийн байдал тийм ч сайн байсангүй. Эцэг эх нь хүүдээ харандаа, цаас ч авч өгч чаддаггүй байсан тул залуу зураач ханан дээр хөө тортгоор зурдаг байв. Аавд нь хүүгийнх нь сонирхол таалагддаггүй байсан болохоор хүүгээ үе үе шийтгэж, зураг зурахыг хориглодог байжээ.
Харин хөршийнх нь настай эмч Уолтыг цаасан дээр морийг нь зурж өгөхийг хүсч, 25 цент төлж гэнэ. Дисней анхны шагналаа авснаас хойш амьдралынхаа туршид зурах л хэрэгтэй юм гэдгээ ойлгосон гэдэг. Ингээд тэр инээдмийн зураг зурж, нутгийн иргэдэд зарж, заримдаа үсчинд үсээ үнэгүй засуулах зэргээр сольдог байжээ.
Диснейн гэр бүл дахин хэд хэдэн удаа нүүж, нэг буусан газар нь бяцхан Уолтын амьдралд чухал нөлөө үзүүлжээ. Канзас-Ситид хүү хүүхдүүдийн очихыг хүсдэг тансаг цэцэрлэгтэй шилтгээнийг харжээ. Хүүхдүүд энэ нутаг дэвсгэрт орох гэж оролдох тусам оролдлогууд нь амжилтгүй болж байв. Тэр үед л Диснейд хүүхдийн тоглож болох асар том цэцэрлэгтэй том шилтгэн барих санаа нь орж ирсэн гэдэг. Ингээд тэр мөрөөдлөө 40 жилийн дараа биелүүлсэн юм.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Adme.ru