Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагаандаа химийн бодис ашигладаг үйлдвэрүүд дэргэдээ урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох үүрэг хүлээсэн.
Өнгөрсөн оны гуравдугаар сард тогтоол батлагдсанаас хойш жил гаруйн хугацаанд БХБЯ-наас үйлдвэрүүдийн удирдлагуудтай хэд хэдэн удаагийн уулзалт, хийж урьдчилан цэвэрлэх байгууламжийн талаар зөвлөгөө зөвлөмж өгчээ. Тиймээс тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс энэ сарын 15-наас эхлэн ААН-үүдийн бохирдол ихтэй, тодруулбал стандарт хэмжээнээс 4-7 дахин их бохирдолтой усыг төвлөрсөн шугам сүлжээнд буюу Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэхийг хориглоод байна.
Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан цэвэрлэх байгууламжгүй, бохирдол ихтэй ус нийлүүлдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг урьдчилан цэвэрлэх байгууламж барих хүртэл нь түр зогсоожээ.
Арьс ширний үйлдвэрүүдийн бохирын химийн бодисуудыг саармагжуулан Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг Харгиа цэвэрлэх байгууламж хэт хуучирч, элэгдсэн тул зөвхөн ахуйн бохирдлыг цэвэрлэх зориулалттай Төв цэвэрлэх байгууламжийн лагийн бүтэц, үнэрт нөлөөлөх болжээ. Иймд дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч эхлээд байгаа юм байна.