Монгол Улсад 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр анх Замын хөдөлгөөний дүрэм батлагдсан. Энэ өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас маргааш (2019.05.22) нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээлэл хийлээ.
Нээлттэй өдөрлөгийн үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тиймээс иргэд тэдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох юм. Мөн бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
“Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага “Бяцхан зорчигч” аяны хүрээнд “Амин хариуцлага” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийн суудлыг хэрэглэхгүй байна хэмээн дүгнэж байгаа учраас энэ талын мэдээлэл, ач холбогдлыг танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг залуусын зүгээс санаачлан хийж эхэлж байгаагаа дуулгалаа. Тухайлбал, 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 31 хувь нь зорчих үедээ осолдсон ба эцэг эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэх явдлыг зогсоох цаг нь болсон гэдэг мэссэжийг хүргэхээр дээрх төслийг хэрэгжүүлж эхэлсэн аж.
Хүүхдийн хамгаалах суудлыг тогтмол ашиглах нь хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлийг 90 хүртэлх хувиар, хүнд бэртэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг байна. Хүүхдийн амь насыг хамгаалах боломжтой ийм зүйлийг хэрэглэх асуудлыг гаргаж тавихаар ийнхүү ажиллаж байгаа гэлээ.
Төслийн хүрээнд гадаад улсад оршин суугаа Монгол иргэдээ оролцуулан хүүхдийн хамгаалах суудлыг хандиваар цуглуулан авчирч, үнэхээр худалдан авах боломжгүй, санхүүгийн хүндрэлтэй байгаа гэр бүлд хандивлахаар болжээ. Тиймээс маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах нээлттэй хаалганы өдөрлөг дээр иргэд “Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг”-ийнхэнд хүсэлтээ бөглөж өгөх боломжтой юм байна.
Замын хөдөлгөөний дүрэм түүхийн явцад таван удаа шинэчлэгдэж, 12 удаа шинэчлэгдэн батлагдаж байсан бол 2018 оны наймдугаар сарын 8-нд хамгийн сүүлийн шинэчилсэн найруулга нь батлагдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ дүрмийн төрсөн өдөр гэдэг бол Монгол хүний амь нас зам дээр аврагдаж эхэлсэн өдөр гэж ойлгож болно гэдгийг хурандаа Э.Бөхбат тэмдэглэн хэлж байлаа. Энэхүү түүхэн өдрийг ТЦА болон бусад холбогдох байгууллагууд нийт нийслэлчүүдтэйгээ хамт маргааш Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн харилцаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ. Автомашины үзлэг оношлогоог хийнэ. Торгуультай холбоотой мэдээлэл, лавлагааг өгнө. Урлагийн тоглолтууд болно. Мөн замын хөдөлгөөний дүрмийн сургалт, сурталчилгаа зохион байгуулагдах, “Бяцхан зорчигч” аяны нээлт гэх мэт арга хэмжээ зохион байгуулагдана.