Зайсан дахь “Бургер Кинг” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн гэр бүлийн гурван хүн ХӨСҮТ-д хандсан гэх мэдээлэл цацагдсан. Тухайн үед буюу тавдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас энэ талаар тодруулахад, яг тэндээс хордчихлоо гэсэн мэдээлэл ирээгүй, судалгаа авч байна гэсэн мэдээллийг өгч байсан юм.
Тэгвэл дээрх гурван иргэн бөөлжиж, гэдэс базалж өвдсөн, усархаг шингэнээр суулгасан гэсэн зовиуртай ХӨСҮТ-д ирж, зөвлөгөө аваад явсан аж. ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг гарч, голомтод ажиллаж, нийт эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 120 гаруй өвчтөн, 10 гаруй ажилтнаас шинжилгээ авсан байна. Мөн асуумж судалгаа авч, тархавар зүйн тандалт судалгааг хийжээ. Шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарч, бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, нян тээгч өвчтэй хүнээс дамжин халдварладаг гэдэсний савханцар үүсгэгч илэрсэн бөгөөд хордлого авсан иргэд өрхийн эмнэлгийн эмчийн хяналтад байгаа юм байна.