Зөвхөн Монголд амьдардаг нэн ховор төрлийн баавгай бол мазаалай. Эх оронд нь ийм ховор, өвөрмөц амьтан амьдардаг гэдгийг бидний өвөг дээдэс дөнгөж 1920-иод оны үед сая нэг мэдэж авсан гэдэг. Жил ирэх тусам тоо толгой нь цөөрч, Улаан номонд орсон мазаалайг маань биднээс гадна гадаадынхан ч бас сонирхон судалдаг бөгөөд мазаалайн нэрийг ашиглан аль хэдийнэ бизнес хийгээд эхэлчихжээ. Ингээд мазаалайтай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэе.
Монгол Улсын өмнөд хэсэг Алтайн өвөр говь бол мазаалайн амьдрах гол орчин гэж үзээд 1975 онд Их говийн дархан цаазат газар болгож, хамгаалалтын захиргаа байгуулжээ.
1991 онд ЮНЕСКО дэлхийн хүн, байгалийн шим мандлын дархан газрын сүлжээнд Алтайн өвөр говь, Их говийн дархан цаазат газрыг бүртгэн авчээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 2013 оныг “Мазаалайг хамгаалах жил” болгосон
Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2013 оны 7 сарын 16-нд 03/07 тоот тогтоол гаргаж, мазаалайг аймгийнхаа бахархалт амьтан хэмээн зарлав
Оросын алдарт Звери хамтлаг 2016 оны 9 сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Will sing for mazaalai” тоглолт хийлээ
Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри 2016 оны хавар, намрын цуглуулгадаа мазаалайн зурагтай хүрэм гаргасан.
Ай Си Ти экспо 2015-ын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохдоо Мобиком корпораци мазаалайг дүр төрхөө болгосон юм.
“Яг түүн шиг” шоуны зохион байгуулагчид мессежээр олсон орлогынхоо тодорхой хувийг Мазаалай хамгаалах санд хандивлав
Монголын бартаат замын авто спортын холбооноос “Гайхамшигт зургаагийн тѳлѳѳ” сайн үйлсийн аян зохион байгуулж, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнуудын мазаалайд идэш тэжээл зѳѳж өгдөг Уаз-469, Фургон машинуудыг бүрэн урсгал засварт оруулж, явдаг болгож өгсөн юм. Мөн Говийн их дархан цаазат газарт анхааруулах самбар150 ширхгийг хийж ѳгсѳн байна
Говь-Алтай аймаг Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр аймгийнхаа төвд 2017 оны 6 сард мазаалайн хөшөө босгов
Том Цогт хэмээх уран бүтээлч Италийн гутлын үйлдвэртэй хамтран “Мазаалай” загварын гутал үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ.
Америк эмэгтэй мазаалайн зурагтай футболка хийн зарж байна
“Mazaalai” гэдэг дарс олон улсын зах зээлд зарагдаж байна.
Монгол банк 2017 оны 8 сарын 3-нд мазаалай баавгайг олон улсад сурталчлах зорилгоор “Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоос цутгууллаа. 999 сорьцтой цэвэр мөнгөөр 38.61 мм-ийн диаметртэй хийсэн энэ зоос 300 мянган төгрөгийн үнэтэй
Монголд 2016 оны 9 сард болсон “Face of Beauty International” тэмцээний албан ёсны уриа нь “Мазаалайгаа хамгаалцгаая” байв.
Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд 2017 оны 5 сарын 12-нд мазаалайг хамгаалахад хамтран ажиллах зорилгоор захидал солилцсон юм. Үүний дагуу БНХАУ-ын Засгийн газраас манай улсад мазаалай баавгайг хамгаалахад техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэхээр 2018 оны 4 сарын 18-нд шийдвэрлэжээ. Уг төсөл 2018 оноос Говийн их дархан цаазат газрын А хэсэгт 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжиж байна.
Эх сурвалж: Udriinsait.mn-ээс албан ёсны эрхтэйгээр авав