2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тоглолтууд явагдах хоёрдахь цэнгэлдэх хүрээлэн болох “Аль-Вакра”-г пүрэв гарагт Катарт нээсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.
Нээлтийн ёслолын үеэр Катарын Эмирийн цомын төлөөх тэмцээний финалын тоглолт болж, “Аль-Духайль” баг “Аль-Садд” багийг 4:1 харьцаагаар хожжээ. Уран барилгач Заха Хадид-ын төслөөр барьсан уг цэнгэлдэх хүрээлэн 40 мянган хүний суудалтай бөгөөд 575 сая долларын өртгөөр босчээ. ДАШТ-2022-ыг зохион явуулахын тулд катарчууд 8 цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж, засварлан шинэчилж байгаа юм.
Эхнийх нь болох Доха хот дахь 40 мянган үзэгчийн суудалтай “Халифа” цэнгэлдэх хүрээлэнг засварлан шинэчилсэн байна. Түүнчлэн Катар улсад болох хөлбөмбөгийн ДАШТ-ний тоглолтууд 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18 хүртэлх хугацаанд Доха, Лусаил, Аль-Вакра, Аль-Хор, Ар-Райян, Умм-Салаль, Аш-Шамаль гэсэн долоон хотод явагдана.
Франс Пресс