“Сонсголонгийн гүүрний баруун уулзвар хүртэлх 10 га газарт хүнсний бүтээгдэхүүн хадгалах зоорь, худалдааны цогцолбор байгуулахаар бэлтгэж байна”
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын асуудлыг хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй болсон учраас Засгийн газар, яамдтай хамтран ажиллаж, бодлого, зорилт, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай хэмээн үзэж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцоод, зарим чиглэлээр талуудын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын баруун, зүүн хоёр талд 21 аймгуудтайгаа холбосон хүнсний хангамж, түгээлт, нийлүүлэлтийн томоохон цэг байгуулах саналыг хотын дарга гаргажээ. Энэ асуудлаар салбарын сайд холбогдох газар, хэлтсийнхэнд судалж, саналаа нэгтгэн боловсруулахыг даалгасан байна. Мөн талууд Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах талаар болон нийслэлд махны үнийг тогтворжуулах боломжийн тухай, 2020 оны хаврын мах бэлтгэл, нөөцлөх ажлыг зохион байгуулах асуудлаар харилцан санал солилцжээ.
Сонсголонгийн гүүрнээс баруун гар тийш эргэх уулзвар хүртэлх 10 га газарт 20 тонн хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорь, худалдааны цогцолбор байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун хэлжээ. Уг төслийн хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэхээ хэлэлцэж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн худалдаан дахь ченжийн тогтолцоог халах бүрэн бололцоотой, төрийн худалдан авалтыг нэг дороос хийж, баталгаатай эрүүл, аюулгүй хүнсээр нийслэлийн хүн амыг хангах боломжтой хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс