ОХУ, Казахстан болон манай оронд нүүдэллэн ирэх хар галууны тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгджээ.
Монгол оронд ойролцоогоор 160 мянга орчим хар галуу нүүдэллэн ирдэг гэсэн тооцоо байдаг ч энэ тоо сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгджээ. Зөвхөн Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт жилд ойролцоогоор 6000 орчим толгой нүүдэллэн ирж, 30 мянга хүртлээ олуулаа болоод буцдаг гэж тооцвол тэд өдөрт дунджаар 15 тонн, зуны гурван сард 1350 тонн загас иддэг гэсэн үг.
Өгий нуурын эрэг дагуу амьдарч байгаа иргэдээс ирсэн мэдээллээр хар галууны сүрэг нууранд маш их хэмжээгээр нүүдэллэн ирж байгаа аж. Ингэснээр Өгий нуурын байгаль-экологийн тэнцвэрт байдалд ноцтой аюул учруулж байгаа юм.
Хар галуу урд зүгээс нүүдэллэн ирж манай оронд зусдаг бөгөөд нэг хос нь үүрэндээ 4-6 өндөг гаргаж, улмаар өндөг нь 24-31 хоногт хагарч, ангаахай болдог аж. Мөн өндөглөх хугацаа нь 2-3 хоногийн зайтай байдаг тул маш хурдан үрждэг гэж хэлж болно.
Нэг ангаахай болчихсон хар галууны бэлгийн бойжилт 2-4 жилийн дараа гүйцэж, дахиад л үржилд орж эхэлдэг. Уг шувуу нь маш сайн шумбаж, загас барих чадвар өндөр хөгжсөн тул Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад уламжлалт загас агнуурын зориулалтаар олноор нь тэжээдэг гэнэ. Ойролцоогоор 15 метрийн гүнд хоёр минут орчим байх чадвартай, нэг шумбалтаараа дээд тал нь 60 сантиметрийн урттай загасыг барьж чаддаг.
Сүүлийн жилүүдэд тус улсуудад гэрийн нөхцөлд үржүүлж байсан шувуудыг бүгдийг нь устгаж, хязгаарлалт хийх болжээ. Учир нь энэ шувуу очсон газар болгоныхоо гол усан дах загасыг их хэмжээгээр хорогдуулж, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулсаар байгаа юм.
Нэг шувуу өдөрт 0,5-5 хил загасыг хөнгөхөн идчихдэг. Идэж цадсаныхаа дараа загаснуудыг барьж алж зугаацдаг хачин зуршилтай шувуу гэж байгаль-экологийн чиглэлээр бичдэг сонин хэвлэлүүдэд дурджээ.
Хар галуу ирж суурьшсан жижиг нуурууд маш хурдан өмхийрдөг болохыг ч шувуу судлаач эрдэмтэд хэлж байна. Хар галуу зөвхөн загасаар хооллодог болохоор Хятад болон азийн орнуудад уг шувууны элгийг элэг хатуурах өвчин буюу циррозыг эмчлэхэд сайн гэж ихээр алж, хэрэглэдэг байна.
1 comment
Өндгийг нь хүнсэнд хэрэглэх боломжтой бол энд бизнесийн нэг гарц байна даа. Хар галууг үржихээс нь өмнө өндөг ангаахай болохоос өмнө ийм арга хэмжээ авбал яасан юм бэ