-ТЭДНИЙ ҮЙЛДЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ, ОЛОН АРВАН ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООЛОО-
Бичиг баримтыг хуурамчаар үйлдэгчдийн үйлдэл хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар дунд сургуулийн сурагчид олноороо сүрьеэ өвчний халдвар авч, олон тооны хүүхэд өвчилсөн харамсалтай хэрэг ил болж, нийгмийг айдаст автуулж, бухимдуулж байна.
Хэргийн учир нь, тус сургуулийн биеийн тамирын багш одоогоос 4 жилийн өмнөөс буюу 2015 оноос эхлэн 15 дугаар сургуульд багшилж байж. Энэ үед нь сургуулийн удирдлагууд сүрьеэгээр өвчилсөн гэдгийг мэдэж ажлаас чөлөөлсөн боловч жилийн дараа бүрэн эдгэрсэн гэх магадлагаа бүрдүүлж ирэн дахин ажилд орсон байгаа юм.
Сургуулийн захирлын тайлбарт түүнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс магадлагаа авчирсан гэж байгаа ч үнэн хэрэгтээ өнөөх магадлагаа хуурамч байсан аж. Товчоор хэлбэл, биеийн тамирын багш өөрийгөө бүрэн эдгэрсэн гэх магадлагааг хуурамчаар хийн, сургуулийн захиргааг хууран ажилд орсон бололтой.
Тогтвортой ажлын байртай байхын тулд үйлдсэн тухайн багшийн ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл нь хичнээн хүүхдийг эрүүл мэндээр хохироож, хичнээн байгууллагыг хөлдөө чирж байгааг бид харж байна. Яг үүнтэй адил, жинхэнэ хуурамч хоёрыг ялгахын аргагүй магадлагаа, тодорхойлолтыг монголчууд БНСУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлж байгаа гэдгийг тус улсаас Монгол улсад суух Элчин сайд болон, Консулын газраас анхааруулсаар байгаа.
Солонгос улсыг л зорихгүй бол юу юугүй үхлээ гэх онош, Нийгмийн даатгал төлсөн баримт, Татвар төлсөн баримт, банкны хуулга тэрбайтугай Гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх Цагдаагийн тодорхойлолтыг хүртэл жинхэнээс нь ялгахын аргагүйгээр бүрдүүлдэг болсон байна.
Виз хүсэгч 10 хүн тутмын бараг тав нь иймэрхүү хуурамч материал бүрдүүлдгээс болж тус улсын Консулын газрын ажилд хүндрэл учирч, виз олгох хугацаа уртассан төдийгүй цаашид энэ байдал үргэлжилсээр байвал монголчуудад виз олгох эсэх асуудлыг нухацтай авч үзнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.
Хуурамч бичиг баримтын хэрэг хэрээс хэтэрсэн тул шалгаж өгөх хүсэлтийг Цагдаагийн газарт удаа дараа хүргүүлсээр байгаа ч өдгөө хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй нүдэн балай чихэн дүлий байсаар байгаа юм билээ. Тэгэхээр хоёр улсын хооронд ийм хэмжээний мэхлэх бичгийг үйлдэж буй нөхөд нэгэн сургуулийн захирлыг мэхлэх бичгийг инээж суугаад үйлдсэн хэрэг.
Харамсалтай нь, эл гэмт хэргийн хор хөнөөл ямар хэмжээний хор уршиг тарьж болохыг ухамсарлахгүй, баригдлаа гэхэд хэдэн төгрөгийн торгууль, сахилгын шийтгэлээс хэтрэхгүй өнгөрсөөр эцэстээ олон арван бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд хор хохирол учруулах хэмжээнд хүрлээ. Иймд хуурамч бичиг баримт үйлдэгчдийг хомроглон баривчлах аян зарлаж, хатуу арга хэмжээ авч таслан зогсоохгүй бол тэдний гэмт үйлдлийн хэмжээ хязгаарыг давж, хэрээс хэтэрлээ Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав хурандаа аа!!!
Хохирогчид сургуулийн удирдлага, БСШУЯ, ЭМЯ руу чичлэн давшилж байна. Яг үнэндээ энэ бүхний буруутан Цагдаагийн газар биз дээ. Хуурамч бичиг баримт үйлдэгчдийн гэмт үйлдлийг таслан зогсоож чаддаггүй, дорвитой арга хэмжээ авдаггүйгээс болж улс улсын Консулын газрууд ачаалалд орж, эцэстээ ийм байдалд хүрч байгаа нь маргах аргагүй үнэн билээ.
Эх сурвалж: Нийгмийн толь