Еропын парламент Марин Ле Пений гишүүний халдашгүй эрхийг цуцлах асуудлаар хөдөлж эхэллээ. Франц Улсын хууль сахиулах байгууллагуудаас Европын парламентад Үндэсний фронтын тэргүүний халдашгүй дархан эрхийг авч хаях шаардлага тавьжээ. Энэ шаардлагыг Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө тавьсан байна.
Улстөрч бүсгүйг Үндэсний фронтын төлөөлөгчдийн цалинг Европын холбооны сангуудын мөнгөөр тавих схем зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм. Евро парламентын тэргүүн Антонио Таяни Францын хууль сахиулах байгууллагаас гаргасан шаардлагыг эрх бүхий комисст шилжүүлэхээр болсон байна.
Хөрөнгө завшсан энэхүү хэрэгт Үндэсний фронтоос Евро парламентад ажиллаж буй гишүүдийн хоёр туслах холбогджээ. Марин Ле Пен гишүүний халдашгүй дархан эрхийнхээ хүрээнд энэ асуудлаар мэдүүлэг өгөхөөс татгалзсаар байгаа юм. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгчийн сунгаа дууссаны дараа мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахаад бэлэн гэж нэг бус удаа тэмдэглэсэн билээ.
Тэгвэл мөрдлөг шалгалтын комисс энэ сарын 14-нд Евро парламентад Марин Ле Пен болон түүний намын нөхөр Мари-Кристин Буттонегийн гишүүний халдашгүй эрхийг авч хаях тухай хүсэлт гаргасан байна.
Санхүүгээс хүчирхийллийн хэрэг хүртэл…
Энэ бол Марин Ле Пен болон түүний Үндэсний фронтын нөхөрт үүсгэж буй анхны хэрэг биш юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Марин Ле Пений хүрээлэлд багтдаг бизнесмэн Фредерик Шатийоныг 2014 оны Евро парламентын сонгуулийн кампанит ажлын үеэр Үндэсний фронт намыг хууль бусаар санхүүжүүлсэн гэж буруутгасан билээ. Францын Хууль зүйн яамнаас Шатийоныг луйвар, олон нийтийн өмчийг үрэн таран хийсэн хэрэгт буруутгасан.
Ле Пений гишүүний халдашгүй эрхийг авч хаях тухай хүсэлтийг Францын Нантер хотын прокурорын газраас ч гаргаж байв. Үндэсний фронт намын тэргүүн түүнийг экстремизм, хүчирхийллийг сурталчилсан гэж буруутгажээ. Учир нь тэрбээр 2015 оны сүүлчээр “Твиттер” хуудсандаа “Исламын улс”-ын алан хядагчид Америкийн сэтгүүлч Жеймс Фоулиг гэсгээн шийтгэж байгаа гэрэл зургуудыг тавьсан юм.
Улстөрч бүсгүйн энэ үйлдэл нь Исламын улс бүлэглэлийн харгис хатуу үйл ажиллагаа явуулж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой байсан тул түүнд хэрэг үүсгээгүй байна. Францад Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат энэ сарын 23-нд болж өндөрлөсөн юм.
Эхний шатны дүнгээр “Урагшаа” хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макрон 24.01 хувийн санал авч тэргүүлсэн бол Ле Пен 21.3 хувийн саналтайгаар удаалжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат ирэх сарын 7-нд болно. Олон нийтийн санал асуулгаас үзэхэд сонгогчдын 60 хувь нь Макроныг дэмжих төлөвтэй байгаа бол Марин Ле Пенд 40 орчим хувийн санал өгөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Б.МӨНХЗАЯА