Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байхаар болж байна. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас санаачлан, Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Түүхий нүүрс хүний эрүүл мэндэд ямар хор уршиг үзүүлдэг талаар олон нийтэд мэдээлэл өгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвжүүлэх зорилготой уг өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НМХГ, ДЭМБ-ын төлөөллүүд оролцов. Энэ үеэр иргэд, олон нийтэд түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, өртөлтийн талаарх олон улсын болон дотоодын эрдэмтэд, судлаачдын гаргасан тайлан илтгэлийг танилцуулж, иргэн бүр хариуцлагатай хандаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх, зуухны төрөл, сонголт, хэрэглээний тухай сурталчлан таниулах мэдээлэл өгч байлаа.
Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өнөөдөр Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлж байгаа түүхэн өдөр тохиож байна. Энэ шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сайжруулсан түлшийг иргэдэд түгээх, борлуулах, зориулалтын агуулах барих мөн борлуулах цэгийг барих ажлыг хийж байгаа. Нийслэлийн зургаан дүүрэгт 1000 тонноос дээш агуулах барих ажил явагдаж байгаа. “Тавантолгой түлш” компанитай хамтраад Улаанбаатар хотын 107 байршилд борлуулалтын цэг байгуулахаар ажиллаж байна. Нийслэлд түүхий нүүрс борлуулж байсан 533 цэг буюу иргэд, аж ахуй нэгжүүдтэй уулзсан. Тэдэнд бэлэн байгаа агуулах савыг нь ашиглаад, сайжруулсан шахмал түлшээ хадгалах зэргээр байгаа бүх боломжоо дайчлан, хамтарч ажиллах болсон” гэв.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Дэлхийн олон оронд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон байдаг. Ингэснээр агаарын бохирдлын түвшин эрс багасаж, хүн амын дундах өвчлөл ч буурдаг учраас түүхий нүүрсийг хориглох нь зөв шийдэл юм. Түүхий нүүрсний шаталтаас үүссэн химийн хорт бодисын нэгдлээс амьсгалын замын өвчлөлүүд үүсдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Эрүүл мэндийн салбарын хамт олон дуу хоолойгоо нэгтгэж түүхий нүүрсний хэрэглээг хориглох, үүнээс гарах сөрөг үр дагаврын талаар өнөөдөр ард иргэдэд мэдээлэл өгч, нүүрснээс татгалзахыг уриалж байна” хэмээн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Бид нийслэлийн 10 цэгт сайжруулсан түлшийг борлуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу түүхий нүүрсийг орлуулахуйц илчлэг сайтай, шаталт удаан, агаарын бохирдлыг 50 хүртэл бууруулах шахмал түлшийг үйлдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган тонн түлш нөөцөлсөн. Үйлдвэрлэл 24 цагийн тасралтгүй явагдаж байгаа. Ирэх намраас үйлдвэрлэлээс нөөцлөхгүйгээр шууд зах зээлд гарах төлөвлөгөөтэй байна. Үнийн хувьд тогтвортой байлгах тал дээр Засгийн газраас үүрэг өгсөн. Үйлдвэрт боловсруулж, жигнэх аргаар хорт бодисуудыг багасгаж байгаа. Бүх төрлийн зууханд хэрэглэж болно” гэв.
Сайжруулсан шахмал түлшийг худалдах цэгүүдийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөжээ. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх тал дээр хяналт тавихаар ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулж, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айл өрхийг түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм байна. Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг гурав хүртэлх сая төгрөгөөр торгоно.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс