2019 оны 5 сарын 10 17 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” аяны хүрээнд “Цацрагийн хяналтын улсын байцаагчдын чадавхийг бэхжүүлэх, цацрагийн ослын үеийн бэлэн байдлыг хангуулах нь” сэдвээр салбарын улсын байцаагчдын сургалтыг энэ сарын 08-09-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Сургалтад 16 аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж буй улсын байцаагчид болон ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн шинжээчдийг хамруулав.
Цацрагийн ослын үеийн бэлэн байдал, цацрагийн осол, хордлогын үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлалын үндэсний төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн холбогдох албан тушаалтнууд хичээл зааж, илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Энэхүү сургалтын хөтөлбөрт тусгагдсан дасгал, сургуулилтыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хими, цацрагийн ажиллагааны салбарын албан хаагчидтай хамтран Тахилт дахь сургалт, дадлагын талбайд зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой болсон төдийгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, үүрэг оролцоог нь нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.