Энэ онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 1.5 тэрбум төгрөг гарган Улаанбаатарын дүүргүүдэд 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй камер суурилуулах ажлыг хийхээр Нийслэлийн ЗДТГ төлөвлөж байгаа гэнэ.
Хэрвээ төсөл хэрэгжвэл нийслэлийн дүүргүүдийн алслагдсан хороодыг хяналтын камераар хянах нөхцөл бүрдэх аж. Энэ ажлын хүрээнд 8-10 мянган камер байрлуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ингэснээр Нийслэлийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна гэж холбогдох газрууд үзэж байгаа гэнэ.
Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан 1700 гаруй хяналтын камер ажилладаг байна. Үүн дээр хувийн хэвшлийн байгууллагуудын хяналтын камер, мөн Цагдаагийн байгууллагын шаардлагаар шөнийн цэнгээний газар, зоогийн газарт суурилсан хяналтын камерын тоо нэмэгддэг аж.
2018 онд цагдаагийн байгууллага 260 мянга гаруй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага авсан ч үүний 20 гаруй хувьд камер өгөөжөө өгсөн гэсэн судалгаа гарчээ.Шалтгаан нь суурилуулж буй камерын чанар шаардлага хангадаггүй, маш муу үзүүлэлттэй, хүн танихын аргагүй дүрс бичдэг зэрэг нь төвөг учруулдаг байна. Нийслэлийн камержилтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаар гэх мэт төрөл бүрийн санхүүжилтээр хийгддэг боловч шаардлага хангасан нь ховор байдаг аж.
Төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж өгч буй аж ахуйн нэгж, байгууллагууд Улсын комисс хүлээж авах үед цахилгаанд залгаад харуулчихдаг. Түр цахилгаанд холбогдсон камер тухайн үедээ сайн ажиллаад эргээд салгасны дараа ажиллахаа больдог. Ийм хүйтэн сэтгэлээр ханддаг гэж Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат ikon сайтад ярихдаа хэлжээ
Үүнээс гадна камер ашиглалт, засвар үйлчилгээний ажил хийгддэггүй. Гайгүй ажилладаг камерууд цагдаагийн байгууллагын Шуурхай удирлагын төвтэй холбогдоогүй. Цагдаагийн байгууллагынхан тус төвд холбох гэхээр тухайн камер эзэмшиж буй аж ахуй нэгж, байгууллагууд зөвшөөрдөггүй байна.
Нийслэлийн ЗДТГ энэ асуудлыг цэгцлэх журам боловсруулж байгаа гэнэ. Хотын хяналтын камерийн хамгийн том хэрэглэгч нь хууль, хүчний байгууллагууд байдаг. Тиймээс хяналтын камеруудаа цагдаагийн байгууллага руу холбодог, шинээр хяналтын камер суурилуулах гэж байгаа бол хууль сахиулах байгууллагын мэргэжлийн хэсгүүдээс тодорхойлолт авдаг байх асуудлыг энэ журманд тусаж байгаа аж.
Нийслэл дэх камеруудын байршил харилцан адилгүй. Зарим газар нэг шонд 5-6 хяналтын камер суурилуулчихсан тохиолдол ч байна. Үүнийг жил бүрийн камер суурилуулалтын төлөвлөгөө гэж зүйл хийж цэгцэнд оруулна. Жил бүрийн тавдугаар сарын 15-наас өмнө хаана, хаана камер шаардлагатай байгаа, хаана давхцуулахгүйгээр тавих зэргийг судалж, цэгүүдээ төлөвлөж, батлуулдаг болгоно гэж тус ярилцлагад дурдсан байна.