Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох заалтыг үндэслэн “МИАТ” ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаагийн 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад зарим зөрчил илэрсэн байна.
Б.Амарсанаа нь өөрийн болон гэр бүлийн гишүүний цалингийн орлогыг дутуу мэдүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг 2017 онд худалдсаны орлого, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийн хүүгийн орлогыг мэдүүлээгүй байна. Түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 1 орон сууц, Хан-Уул дүүрэгт байршилтай 2 орон сууц, Баянзүрх дүүрэг дэх 1 авто зогсоолыг тус тус мэдүүлээгүй байжээ.
Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт байрлах 2 орон сууцыг худалдан авахад ашигласан гэх арилжааны банкнаас авсан зээл, өөрийн нэр дээр бүртгэлтэй 2 тээврийн хэрэгсэл, өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хувьцаануудыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, харилцах данснуудын үлдэгдлийг зөрүүтэй мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн үйлдэл.
Дээрх зөрчлүүд нь бүртгэл, хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, лавлагаа болон бичгийн нотлох баримт, мэдүүлэг гаргагчийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа тул Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасан хариуцлагыг тооцуулах шаардлагатай гэж үзэн Авлигатай тэмцэх газраас “МИАТ” ХК-д албан бичиг илгээжээ.
Ингээд “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн хариу албан бичигт Б.Амарсанааг дээрх зөрчилтэй нь холбогдуулан Сургалтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн талаар дурдсан байна.
Эх сурвалж: АТГ