Дэлхийн II дайнд зориулсан хөшөө дурсгал дэлхий дахин хэдэн мянгаараа бий. Зарим нь асар том, цогцолборын хэмжээтэй байхад зарим хүний нүдэнд өртөхөөргүй даруухан хөшөө дурсгал байх аж. Энэ олон хөшөө дурсгалаас Агуу их эх орны дайнд зориулсан цөөн хэдэн хөшөөг сонирхуулъя.
Астрахань: Тэмээний хөшөө
Тэмээн сүрэг нь 1942 оны зун, намар Астраханьд бүрдсэн 28-р нөөц армийн бүрэлдэхүүнд багтаж, фашистуудтай тулалдахад оролцож байлаа. Зэвсэг техник, автомашин, морь хомсодсон цагт Казахстан, Туркменээс авчирсан тэмээнүүдийг сургаж, ачаа зөөх, хээрийн гал тогоо, хэдэн тонн зэвсэг чирэхэд дайчилж байв. Тэмээ нь үнэхээр тэсвэр тэвчээртэй, гурван морины оронд хоёр тэмээ хөллөхөд л таардаг байлаа.
Герман: Автобусан хөшөө
Берлинд байх саарал өнгийн бетонон автобус нь нацистуудын гарт амиа алдсан хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг сануулдаг. Ийм л автобусаар тэднийг хийн камерт аваачдаг байв. Энэ хөшөө жил бүр өөр газарт шилждэг.
Норвеги: Бичгийн хавчаар
Ослод бичгийн хавчаарын хөшөө босгожээ. Албан өрөөний жижиг энэ хэрэгслийг Норвегид бүтээснээс гадна өөр утгатайгаар хөшөө босгожээ. Дэлхийн хоёрдугаар дайнд нацистууд хааны гэр бүлийн гишүүдийн хөрөг, овгийн эхний үсэгтэй тэмдэг зүүхийг хориглодог байжээ. Тиймээс нутгийн иргэд пиджакандаа энэ хавчаарыг зүүж, эрх чөлөөтэй хүн гэдгээ илтгэдэг байжээ. Хөшөө 3,5 метр өндөртэй.
Украин: Зэвсгэн хөшөө
2008 онд Харьковын Черемушное тосгонд зэвсэг, каск, гранат, бөмбөг зэргийг цуглуулан бүтээсэн нэгэн хөшөөг босгожээ.
Унгар: Гутлын хөшөө
Дайны жилүүдэд Будапештийн Дунай мөрний эргийг нацистууд еврейчүүдийг цаазлах газар болгон хувиргасан юм. Тэднийг үхэхийнх нь өмнө гутлыг нь тайлуулж, цогцсыг нь усанд хаядаг байлаа. Харин одоо энэ эрэг дээр эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гутлыг хүрлээр дүрсэлсэн хөшөө байдаг.
Минск, Беларусь
Холокостын хохирогчдод зориулагдсан хамгийн анхны хөшөө дурсгалын нэг. 1942 онд нацистууд 5000 еврейг буудсан газарт 1947 онд энэ хөшөөг босгожээ. Хөшөөний хоёр дахь хэсэг шатаар бууж байгаа хүмүүсийг 2000 онд барьсан. Турж эцсэн хүрэл баримал нь яг л үхэл хүлээж байгаа нүх рүү шатаар урсаж байгаа мэт харагдуулдаг.
Израиль: Холокостод зориулсан хөшөө
Яд ва-Шем бол Холокостын музей юм. Энд зөвхөн нацистуудын гарт амиа алдсан еврейчүүдийн төдийгүй хүний хэлбэртэй мод, хүний араг ясаар хийсэн мэт хашаа зэрэг байдаг.
Украин:
2012 онд Киевт “Минская” метроны станцын ойролцоо Аугаа их эх орны дайны ялалтын 67 жилийн ойд зориулсан чөлөөлөгч дайчдад зориулсан хөшөөг ёслол төгөлдөр нээсэн. Шинэ хөшөө нь түүдэг галын дэргэд суугаа цэргүүдийг дүрсэлжээ. Цэргүүд амиа алдсан нөхдөө дурсан санан суугаа нь.
Челябинск « Сувилагч бүсгүй»
Фронтод дайтаж явсан бүх эмэгтэйчүүд, сувилагч нарт зориулсан хөшөө. 2005 онд барьсан энэ хөшөөнд гунигтай нэгэн бүсгүйгээр Орос орноо Аугаа их эх орны дайнд хамгаалсан сая сая эмэгтэйг төлөөлөн дүрсэлжээ. Орон нутгийн иргэд бүтэн жилийн турш энэ хөшөөнд цэцэг өргөдөг.
Шуудан зөөгч:
Фронтод илгээх гурвалжин захидал. Энэ бол Аугаа их эх орны дайны нэг бэлгэдэг байсан юм. Ийм захидлыг айл өрхөөрөө, тосгодоороо уншиж, итгэл найдвар, хайрын халуун нулимсаа урсган хадгалдаг байлаа. Улаан тугийн 6-р бууны дивизийн 33-р буудлагын хорооны шуудан зөөгч Иван Леонтьев хэмээх 1944 онд амиа алдсан эгэл даруу нэгнээр шуудан зөөгчдийн алдрыг хүндэтгэн хөшөө босгожээ.
Загварын сэтгүүлийн хүрэл хуудас
Энгийн л нэгэн хувцасны өлгүүр мэт өргөн хүрэл хана. Өлгүүр дээр дан эмэгтэй хувцас өлгөөстэй байх аж. Яг л загварын сэтгүүлийн хүрэл хуудас мэт. Гэхдээ энд нэг л ялгаа байгаа нь гоёлын хувцас биш, Дэлхийн хоёрдугаар дайнд оролцогч эмэгтэйчүүдийн дүрэмт хувцас юм. Ажлын хувцас, жолоочийн комбинзон, гагнуурчны хамгаалалтын хувцас, эмнэлгийн дүрэмт хувцас гээд л… Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайны эмэгтэйчүүдийн ажлын хувцас.
Дайн Британийн долоон сая гэрийн эзэгтэйн амьдралыг өөрчилсөн юм. Тэд нөхрүүдээ орлож, гал сөнөөгч, агаарын хамгаалалтын дайчид, армийн ажилчид, жолооч, механикчид болцгоожээ. 1997 онд энэ хөшөөг дэмжиж, хатан хаан II Элизабет 1 сая фунт стерлингийн хандив өргөсөн гэдэг. Тэр өөрөө ч дайны жилүүдэд жолоочоор ажиллаж байсан юм.
Лидице
Энгийн хэмжээтэй 82 хүүхдийн хүрэл хөшөө. 40 хүү, 42 охин. Чехийн уурхайчдын Лидице сууринд яг л ийм тооны хүүхдийг 1942 онд нацистууд хөнөөсөн юм.
Уйлж буй морь
Эзэн, найзаа алдаж, толгой бөхийгөн гуниглаж буй хүрэл морь. Азаар бид өнөөгийн нийгэмд ийм морьдтой нэг их таарахгүй. Харин Аугаа их эх орны дайны үед ийм морьд олон байсан юм.
Самара хот: «Бүгд танд эргэж ирнэ»
Прасковья Еремеевна Володичкина фронтод есөн хүүгээ илгээсэн ч зургаа нь дайнд амиа алдаж, гурав нь шархдан гэртээ арайхийн ирээд амиа алджээ. Прасковья Еремеевна гуньж шаналсандаа тэсэлгүй тэднийхээ араас одсон юм.
Ленинградын бүслэлтийн үеийн хүүхдүүдэд зориулсан хөшөө, 2014 он, Омск хот.
Бэлтгэсэн: Updown.mn