Владивосток хотод болсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтын талаар талууд хамтарсан мэдэгдэл хийгээгүй, мэдээлэл хомс байгаа. Гэхдээ тэдний уулзалтын талаар дэлхийн хэвлэлүүд юу өгүүлэв. Энэ талаар бэлтгэн хүргэж байна.
Солонгосын Цахилгаан мэдээний агентлаг /КСNA/
Хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд янз бүрийн салбарт идэвхтэй арга хэмжээ авах, Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Солонгосын засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар хоёр тал тохиролцлоо” гэсэн албан мэдээ цацав.
Умард Солонгосын Родон Шинмүн сонин:
Саяхан болсон БНАСАУ-АНУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалтын үеэр АНУ-ын тал нэг талыг барьсан найрсаг бус байр суурь баримталж байсны улмаас Солонгосын хойгийн байдал хөдөлгөөнгүй зогсонги болж, тэр ч байтугай аюулын ирмэгт дөхөж ирлээ.
Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдал нь АНУ-ын дараагийн алхмаас шалтгаалах бөгөөд БНАСАУ-ын хувьд үйл явдлын аливаа өрнөлд бэлэн байна гэдгийг манай эрхэм дээд удирдагч онцлон хэллээ хэмээн мэдээлэв.
Өмнөд Солонгосын Korea Times сонин:
“Ким Жөн Ун, В.Путин нарын уулзалтыг дэлхийн олон нийт анхааралтай ажиглан харж байлаа. Гэхдээ энэ уулзалт нь Умард Солонгосын удирдагчийн Мүн Жэ Ин, Дональд Трамп нартай хийсэн хэлэлцээтэй харьцуулахад төдийлөн анхаарал татсангүй.
Путин, Ким нар бие биендээ сайн сайхныг хүсч, Солонгосын хойгийн байдлын талаарх өөрсдийн албан ёсны байр сууриа илэрхийллээ. Путиний зүгээс 6 талт хэлэлцээг сэргээхийг Ким Жөн Унд санал болгоно гэж хүлээж байсан боловч цаг хугацааны хувьд тохиромжгүй байсан бололтой” гэжээ.
Японы Асахи Шимбун сонин:
Өмнө нь Умард Солонгосын удирдагч Оросоос зайгаа барьж, Трамптай шууд яриа хэлэлцээ хийхэд голлон анхаарч байсан бол 2 дугаар сард Ханойд болсон уулзалт бүтэлгүйтсэний дараа бүх зүйл өөрчлөгдсөнийг дурдсан байна.
Хоригуудыг аажмаар зөөлрүүлэх саналыг Пхеньяны зүгээс тавьж байгаа боловч АНУ үүнийг эрс няцаасан нь Ханойн уулзалт бүтэлгүйтэх шалтгаан болсон билээ. Энэ үед зургаан талт хэлэлцээг сэргээх нь зүйтэй гэсэн саналыг Путин Владивостокт дэвшүүллээ. Оросууд тоглоомонд оролцож эхэлсэн нь Вашингтоныг сандаргаж буй нь илт байна.
Ёмүри Шимбун сонин:
Оросууд 2014 онд Крымыг өөртөө нэгтгэсэн болон АНУ, ОХУ хоёр Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарсан зэргээс үүдэн хоёр талын харилцаа улам бүр муудсаар байгаа билээ. Энэ нөхцөлд Пхеньянд нөлөөлөх Москвагийн нөлөө нэмэгдэж байгаа нь оросуудын хувьд АНУ-тай харилцахдаа хэрэглэх чухал “дипломат хөзөр” болох юм.
Нөгөөтэйгүүр, нөхцөл байдал сайжирч, хориг цуцлагдсаны дараа Умард Солонгосын нутгаар дайруулан Өмнөд Солонгос хүртэл хийн хоолой тавих саналыг Оросын тал хэдэн жилийн өмнөөс дэвшүүлсээр ирсэн. Хүн ам нь цөөрсөөр буй Оросын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн байдлыг сайжруулахад энэ нь тус дөхөм болох нь мэдээж.
Хятадын эрх баригчдын албан ёсны байр суурийг илэрхийлдэг “Чайна Дейли” сонинд бичсэнийг үзвэл “Путин, Ким Жөн Ун нарын анхны уулзалт нь АНУ-ын зүгээс ирж буй “асар их дарамт шахалт”-ыг сөрөн зогсох зорилготой. Орос улс бүс нутгийн асуудлыг зохицуулахад идэвхтэй оролцох болсныг нааштайгаар үнэлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад шинэ түлхэц өгнө гэжээ.
Америкийн Associated Press агентлаг:
Энэ удаагийн уулзалт нь Путиний хувьд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхэд Орос улсын оролцоо чухал гэдгийг харуулах боломж байв гэж дурдсан байна.
СNN:
Пхеньяны байр суурийг АНУ-ын талд тайлбарлаж өгөхийг Ким Жөн Ун Оросын талаас хүссэн гэдгийг Ерөнхийлөгч В.Путин дурджээ. Та бүхэн ямар нэгэн асуудлыг хэлэлцээний замаар шийдэх гэж байгаа бол Путинтэй ярьж хэлэлцэх хэрэгтэй гэсэн дохиог Кремлийн ордноос өглөө.
The New York Times сонин:
Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг сэргээх гэсэн Оросын талын аливаа оролдлого нь Трампын хувьд таагүй мэдээ болно. Учир нь, ийм бүтцээр хэлэлцээ хийж байсан нь АНУ-ын өмнөх засаг захиргаадын хэрэгжүүлж байсан буруу тактик гэдгийг Америкийн одоогийн ерөнхийлөгч нэг бус удаа хэлж байсан юм. Кимтэй шууд уулзаж ярилцах нь цөмийн асуудлыг шийдэхэд илүү боломжийг олгоно хэмээн Трамп үздэг гэжээ.
Fox news сонин:
НҮБ-д сууж байсан АНУ-ын төлөөлөгч Билл Ричардсоны үзэж байгаагаар, Путин, Ким нарын уулзалт төдийлөн үр дүнтэй болоогүй аж. Хэдийгээр Ким Оросоос эдийн засгийн тусламж авч чадаагүй боловч тухайн уулзалт нь тэдний хэн хэнд нь улс төрийн хувьд ашигтай байлаа.
Путиний хувьд, Орос улс нь дэлхийн тавцанд нөлөө бүхий тоглогч хэвээрээ байгаа гэдгээ харуулсан бол харин Кимийн хувьд тэрбээр дипломат үйл ажиллагааны тал дээр ганцаардаагүй гэдгээ ойлгууллаа. Юуны өмнө, Ким Жөн Ун хоригийг зөөлрүүлэх, тодорхой хэмжээгээр нефть худалдан авах сонирхолтой байсан, хоёрдугаарт, АНУ-Умард Солонгосын хооронд гэрээ байгуулсан тохиолдолд Орос улс уг гэрээг хянах ёстой орнуудын нэг байх нь зүйтэй гэсэн санааг Ким илэрхийлж байгаа юм.
Их Британийн Файнэншл Таймс сонин:
Хэрвээ Трамптай хийх хэлэлцээ нь урьдын адил үр дүнд хүрэхгүй аваас өөрт нь холбоотон болж чадах улс орнууд бий гэж Ким ойлгуулахыг оролдсон бол Путиний хувьд, Орос улс бол геополитикийн чухал тоглогч хэвээр байгаа гэдгийг харуулж чадлаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ