Нийслэлийн прокурорын газраас авлигын гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирол нөхөн төлөгдсөн болон шүүхээс ял, шийтгэл оногдуулж буй байдлыг судалжээ.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар шалгагдсан Авлигын 261 гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд нийт 23.049.678.600 төгрөгийн хохирол учруулсны 6.052.669.093 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, шүүх 16.459.118.600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Судалгааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон 25 хэргээс хохирол нөхөн төлөгдөөгүй 6 хэрэгт прокурор төрийг төлөөлж гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан 537.890.907 төгрөгийн хохирол төлбөрийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтанд 2017, 2018 он, 2019 оны эхний 2 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, Хахууль авах, өгөх, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” 128 шүүгдэгчид холбогдох 45 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байх ба эдгээр шүүгдэгч нарын:
- 7 хувь нь 20-29 насны
- 33 хувь нь 30-39 насны,
- 34 хувь нь 40-49 насны
- 26 хувь нь 50 болон түүнээс дээш насны, хүйсийн хувьд 75 хувь нь эрэгтэй, 25 хувь нь эмэгтэй хүмүүс байна.
Эдгээр шүүгдэгчдийн шүүхээс ял шийтгэл оногдуулсан байдлыг судлаж үзэхэд 38 хувьд нь торгох, 52 хувьд хорих ял оногдуулж, үлдсэн хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцүүлэн Эрүүгийн хуульд заагдсан хариуцлагын төрөл, хэмжээний хүрээнд үндэслэл бүхий санал, дүгнэлт гарган ажиллаж байна.
Харин шүүхээс 71 хувьд нь улсын яллагчийн саналаас хөнгөрүүлж, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заагдсан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал…
Мөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болох” хуулийн зохицуулалтыг баримтлан оногдуулсан хорих ялыг тэнссэн, хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Авлигын гэмт гэмт хэргийн тухайд ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг тул мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ их, мөрдөгч, прокурорын ажлын ур чадвар нэлээдгүй шаардагддаг тул дээрх судалгааны дүнд үндэслэнавлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ашиглагдах гарын авлагыг бэлтгэн гаргаж, энэ гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудлаар мөрдөгч, прокуроруудад хамтарсан практик сургалт зохион байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.