МАХН-ын эмэгтэй гишүүд болох Н.Удвал, З.Баянсэлэнгэ, Ч.Өлзийсайхан нар мэдээлэл хийж, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл ба улс төртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргаснаа сонордуулав. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэдэгдэл
Сүүлийн үед нийгэмд МАН-АН хэмээх аюулт бүтцийг устгах, аливаа хүчирхийллийг байхгүй болгох тухай шударга шаардлага хүчтэй сонгсогдох болсон. Эрх баригчид ч энэ чиглэлийн тэмцэл явуулж байгаа хэмээн өөрсдийгөө сурталчилж байгаа. Гэхдээ тэдний ам ажил хоёр ихээхэн зөрж байгаа нь олны анхааралд өртөж, дургүйцэл бухимдлыг нь төрүүлж байна.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга эмэгтэй хүнийг хүчирхийлсэн тухай шуугиан дэгдээд удаж байгаа, түүний энэ бузар үйлдэл олон түмний ихээхэн жигшил зэвүүцлийг төрүүлсэн билээ. Сонгогч түмэн Д.Гантулга, эсхүл түүнийг нэр дэвшүүлсэн МАН өндөр ёс суртахуунтайдаа биш харин нийгмийн шударга ёсны шаардлага, хүлээлтийн дагуу Д.Гантулга өөрөө дургүй байсан ч өргөдөл өгч УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөнийг сайн мэдэж байгаа.
Төр засгийн бүрэн эрх гагцхүү ард түмний гарт байна гэдэг нь Үндсэн хуулийн суурь зарчим мөн билээ. Тэгвэл энэхүү суурь зарчмыг баримтлан хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуулж Хэнтийн сонгогчдыг УИХ-д төлөөлөлтэй болгох нь зүй ёсны шаардлага мөн. УИХ-д өөрийн төлөөлөлгүй болоод удсан Хэнтийн сонгогчид ч ингэхийг хүлээж байгаа.
Гэтэл өнгөрсөн оны 9 сарын сүүлээр болохоор товлогдоод байсан нөхөн сонгуулийг МАН-ынхан 60 турбумын сүлжээгээр төрийн албанд шургалсан хүнийг дайчлан зохиомол өргөдлийг ҮХЦэцэд гаргуулж, нөхөн сонгуулийг хойшлуулж Хэнтийн сонгогчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн билээ.
Нөхөн сонгууль энэ оны 6 сарын сүүлээр болохоор товлогдоод байж байтал энэ удаад АН-ынхан дахин ҮХЦэцэд зохиомол өргөдөл гаргуулж, нөхөн сонгуулийг хойшлуулаад зогсохгүй бүр болгохгүй байх, тэр байтугай эмэгтэй хүн хүчирхийлсэн байж болзошгүй Д.Гантулгын УИХ-ын гишүүнийг сэргээлгэхийг хөөцөлдөж эхэллээ. АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгыг дэмжих сурталчилгаанд нь идэвхтэй оролцдог судлаач хэмээх Д.Ганхуяг ийм увайгүй үйл ажиллагаанд татагдан орсонд харамсаж байна.
Эдгээр үйл явдал МАН-АН хэмээх аймшигт бүтэц хэвээр байна гэсэн болгоомжлол үнэн болохыг нотолж байна. МАН ба АН-ынхан наанаа нэг нэгнийгээ шүүмжилж байгаа мэт дүр эсгэх авч цаагуураа нэг бол шударга бус сонгуулиар, эсхүл хууль шүүхийн байгууллагыг ашиглан эрх мэдлээ хадгалан авч үлдэхийн төлөө үгсэн хуйвалдаж шударга ёсыг нухчин дардаг зуршлаасаа салж чадахгүй, салахыг хүсэхгүй байгаа нь дахин батлагдлаа.
МАХН эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг тууштай зогссоор ирсэн улс төрийн хариуцлагатай хүчний хувьд МАН-АН эмэгтэй хүн хүчирхийлсэн байж болзошгүй Д.Гантулгыг ил далд хамгаалж, хүчирхийлэлд өртсөн хэмээн гомдол гаргаж байгаа эмэгтэйн хувь заяаг үл тоож, нөхөн сонгуулийг хойшлуулах, эсхүл хүчингүй болгох гэж улайран зүтгэж Хэнтийн сонгогчдын эрх ашгийг хөсөр хаяж, хүчээр нухчин дарж байгааг эсэргүүцэн буруушааж байна.
Яагаад авлига, учир битүүлэг аллага, хагарал бутрал, хэрүүл маргаан зэрэг аливаа шударга бус үйлдэлтэй нэр холбогдож олон түмний дунд нэр хүндээ алдсан МАН, эсхүл АН сонгууль болох эсэхийг шийддэг, болсон сонгууль болгоныг луйвардаж “сонгогддог” онцгой эрхтэй байх ёстой юм бэ? гэж эрүүл саруул хүн бүр эгдүүцэн асууж, ийм шударга бус байдалтай эвлэрэхгүй хэмээн дуу хоолойгоо өргөж байна.
МАХН хүчирхийлэлд автаж амь нас, нэр хүнд, хувь заяа, эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүд, хүүхдүүд, шударга бусын харгис сэлэмд ширвүүлсэн хүн бүрийн эрх ашгийг хамгаалах тэмцлийг тууштай үргэлжлүүлэн явуулахаа мэдэгдэж, энэхүү ариун тэмцэлд ээжтэй хүн бүр нэгдэн орохыг уриалан дуудаж байна.
Хүчирхийлэлгүй Монгол Улс мандтугай.
МАХН-ын Гүйцэтгэх Товчоо