Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн Цахим бодлогын түр хороо Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээллийг сонсох бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо хуралдаж, тус хорооны ажлын төлөвлөгөөг батлана.

Мөн бусад хэлэлцэх асуудлуудтай танилцана уу:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр нийтийн сонсгол зохион байгуулах эсэх асуудал;
  • “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хамт 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайлан /Үндэсний аудитын газар 2019.05.03-ны өдөр ирүүлсэн/;
  • Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал;
  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал.

3.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;
  • “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;
  • Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох.

4.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Түр хорооны ажлын төлөвлөгөө батлах;
  • Бусад.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн