Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт М.Р нь 2012 оноос 2016 оныг хүртэл хугацаанд өөрийн ач охин болох бага насны буюу 9 настай Ц.Г-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийг тус аймгийн Сайхан сум дахь Сум дундын анхан шатны шүүх 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд М.Р-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хянан хэлцжээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна гэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас мэдээллээ.