Татварын ерөнхий газрын удирдлагууд Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн систем, Ebarimt 2.0 хувилбарын талаар өнөөдөр (2019.05.06) танилцууллаа.
Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг баталсан. ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабалын тайлбарлаж буйгаар дээрх хуулиуд хэрэгжсэнээр татвар төлөгчдийн төлөх татварын хэмжээ буурах юм байна. Мөн хуулийн хэрэгжилтийн хүрээнд татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээ нэвтрүүлжээ.
Татварын албанд 2018 онд ирүүлсэн тайлангаас үзэхэд, нийт ААНОАТ төлөгчдийн 96.6 хувь нь 1 хувиар албан татвар төлөхөөр байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах замаар нэг хувиар албан татвар төлнө. Харин 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчид шууд нэг хувиар албан татвар төлнө. Ийнхүү нэг хувиар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25 хувиар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго гурван тэрбум байсныг зургаан тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчид үлдэж, энэ хэмжээгээр төлөх татварын хэмжээ буурах аж.
Мөн хуулиар эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг нэвтрүүлэхээр болж, эрсдэлтэй гэж үзсэн татвар төлөгчийн тайланд хяналт шалгалт хийх бол эрсдэлгүй татвар төлөгчийг шалгалтад хамруулахгүй юм байна. Татвар төлөгчид хийсэн татварын хяналт шалгалтын дүнд шийтгэлийн хуудас биш татварын нөхөн ногдуулалтын акт бичиж, зөвхөн татварын байгууллага асуудлыг шийдвэрлэдэг болжээ.
Түүнчлэн татварын маргаан таслах зөвлөл хоёр шатлалтай байсныг цөөрүүлж, нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байсныг бууруулж дөрвөн жил болгосон, татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болгож нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгчдийн эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн хоёр дахь шатны шинэчлэлд тусгажээ.
Жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд хоёр удаа, харин бичил татвар төлөгчид жилд нэг удаа татварын тайлангаа өгнө. Татварын алба нь ААНОАТ, ХХОАТ, НӨАТ тайлангаар ногдуулсан албан татвараа гурван тусдаа гүйлгээгээр, гурван тусдаа дансанд хийдэг байсныг болиулж, цахим нэхэмжлэхэд суурилсан төлбөр төлөх тогтолцоог нэвтрүүлснээр нэг л удаа төлбөр төлөх боломжтой болж байгаа юм байна.
Мөн гуравдугаар сарын 1-нээс арилжааны 14 банк тус бүрт татварын орлогыг төвлөрүүлдэг 20-45 дансыг хааж, Төрийн санд төсвийн ангилал, татварын төрлөөр татварын орлогын 5137 дансыг нээж, татварын орлогын нэгдсэн дансны тогтолцоог хэрэгжүүлэн нэхэмжлэлд суурилсан татварын цахим төлөлтийн системийг иж бүрнээр нэвтрүүлээд байна.