УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр (2019.05.06) хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнөөдөр АН-ын зөвлөл ээлжит хурлаа хийж, нэгдүгээрт, үнийн өсөлтийн талаар хэлэлцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар хэлэлцлээ.
Эхний асуудлын тухайд Ерөнхий сайд Хэнтий аймагт ажилласан. Тус аймагт гарсан түймэрт Хэнтийн нурууны зүүн хэсэг бүхэлдээ автаад байхад Засгийн газар зөвхөн нөхөн сонгуульд анхаарал хандуулж байна. Тэнд хүн хүч, хоол хүнс, техник дутагдалтай байгаа.
Гэтэл Ерөнхий сайд тэнд очиж, уулзалт хийж байгаа нь сонгуулийн хууль зөрчиж байна. Иймэрхүү сурталчилгаа, шоугаа болих хэрэгтэй. Тиймээс бид Ерөнхий сайдад бодит амьдрал, хөрсөн дээрээ буугаач гэж шаардлага хүргүүлж байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ урьд байгаагүйгээр өсөж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр 5.5 тэрбум ам.доллар авах амлагаанд орсон. Өнөөдрийн байдлаар эрх баригчид бараг хоёр тэрбум ам.доллар авчихаад байгаа.
Шатахууны жижиглэнгийн үнэ 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өсөж, өнөөдрийн байдлаар нийт 500 төгрөгөөр өссөн. Энэ нь инфляфид маш их нөлөөлж байгаа. Мөн махны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд тусч байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэхийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардаж байна.
Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл гарах боллоо. Энэ хууль хэрэгжсэнээр 37 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын Засгийн үед авсан 2.5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй.
Хэрвээ төр нэг хууль гаргачихаад үүнийгээ үгүйсгэх юм бол ард түмний төрд итгэх итгэл алдагдана” гэлээ.