Хилийн 0184 дүгээр ангийн “Тэргүүний байлдагч”-аар тодорсон байлдагч Э.Мөнхболдтой ярилцлаа.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Эрдэнэбилэгийн Мөнхболд гэдэг. Дорноговь аймагт төрсөн. Төмөр замын дээд сургууль төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж байгаад Хилийн 0184 дүгээр ангид татагдан ирсэн.
-Цэргийн албаны бахархал, хил дээр алба хаахын онцлог юу вэ?
-Эх орны дархан хилийн манаанд үүрэг гүйцэтгэж, эх орондоо амар амгалан өглөөг авч ирж байгаа гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Жилийн аль ч улиралд эрхэм үүргээ нэгдүгээрт тавьж, түүнийхээ төлөө баттай зогсож чаддаг байх нь энэ албаны онцлог бас хариуцлага юм.
-Цэргийн албанд ирснээр амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ?
-Тэсвэр хатуужил сууж, аливаа зүйлд өөрийгөө бүрэн дайчлах, юманд ул суурьтай хандах, найз нөхдөө хүндлэх, туслах гээд олон давуу талыг олж авч байгаа. 2018 онд алба хааж буй дугаар заставынхаа хариуцсан хэсгээр гарсан хил орчмын дэглэмийн зөрчлийг удаа дараа илрүүлж ард иргэдэд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлсэн. Энэхүү гавьяаг минь анги байгууллагаас үнэлж “Хилийн төлөө” тэмдгээр шагнагдаж, ангийн 2018 оны “Тэргүүний хилчин”-ээр тодруулсан.
-Мөр зэрэгцэн алба хааж буй нөхөддөө хандаж юу хэлмээр байна?
-Алба хааж буй нийт хилчиддээ албанд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсч торгон хилийн минь алтан зурвас тортоггүй ариун байх болтугай гэж хэлэх байна.
Эх сурвалж: ХХЕГ