2010 оны нэгдүгээр сарын 14-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй хэмээн мэдэгдэж цаазын ялыг халсан билээ. Үүнээс хойш цаазаар авчихмаар онц ноцтой хэргүүд маш ихээр гарч иргэдийг цочролд оруулж байна.
2017 онд 13 настай охин амь насаа алдсан хэрэг олны анхаарлыг татаж, нийгэм даяараа цаазын ялыг сэргээн гэмт этгээдүүдийг шийтгэе хэмээн хэсэг шуугиж байлаа. Үүний дараа Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол улсад цаазын ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн яаманд хүргүүлсэн гэх боловч олон нийтээс дэмжлэг авч чадаагүй. Ерөнхийлөгчийн хүүхэд хүчирхийлсэн бол цаазаар авах ялыг хэрэглэх саналтай байгаагаа мэдэгдэж байлаа.
Учир нь бага насны хүүхдийг хүчирхийлэх тохиолдол сүүлийн жилүүдэд олон цочирдуулсаар байгаа бөгөөд тэднээс охидоо хамгаалахын тулд хэмээн тайлбарласан юм. Мөн өөрийн бүрэн эрхийн хугацаанд бага насны хүүхдийг хүчирхийлж амийг нь хороосон гэмт хэрэгтэнд уучлал үзүүлэхгүй гэдгээ ч мэдэгдэж байсан юм. Тэгвэл нийгмийг жигшүүлэм энэхүү хэргийн гаралтын тоо сүүлийн жилүүдэд огцом өсч аюулын харанга дэлдэж байна. Жил тутамд монгол улсын 2-7 насны 300 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн судалгааны тоо бий.
Хамгийн сүүлд л гэхэд дөрөвдүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд гэрийнхээ гадаа тоглож байсан гуравдугаар ангийн хүүхэд Б.У алга болсон билээ. Энэ талаар сануулахад, тухай өдөр охин гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад оройхон гэнэт сураггүй болжээ. Тухайн үед ээж нь гэртээ хоолоо хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд охиноо тоглож байхыг харсан аж. Харин удалгүй аав нь гэртээ ирэн, охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлжээ. Улмаар охиноо алга боллоо хэмээн хуулийн байгууллагад хандсанаар эрлийн ажиллагаа орон даяар эхэлсэн юм. Ингээд эрлийг эхлүүлснээр цагдаа нар 30 гаран насны сэжигтэн этгээдийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс саатуулан баривчилсан байна.
Сэжигтэн мэдүүлэг өгөхдөө “Охиныг Улаанбаатар хотод авчраад хүчирхийлж, цогцсыг нь ууланд булсан” хэмээн хэргээ хүлээжээ. Энэхүү хэргийн талаар ЦЕГ-аас лавлахад “Мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.
Харин цагдаагийн ахмад Д.Будзаанаас тодруулахад “Охиныг нас барсан талаарх мэдээ батлагдаагүй, тодорхой ирсэн мэдээлэл алга байна. Одоогийн байдлаар охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс олон нийтэд цацахгүй байхыг хүсч байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл олныг цочроосон гэмт хэргүүдийг шийдвэрлэхийн тулд гэм буруутанд ялын дээд хэмжээ ноогдуулж хариуцлага тооцож, анхааруулах хэрэгтэй гэдэгт олон нийт санал нэг байна.