Хэнтий аймгийн гурван суманд явагдах УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр намууд бүртгүүлж эхэллээ. Хуулийн дагуу намууд сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдрийн дотор өгөх ёстой. Энэ дагуу өнөөдөр (2019.04.30) Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг есөн нам Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ албан ёсоор хүргүүлээд байна.
МАН өчигдөр намын Бага хурлын IV хуралдаанаар сонгуульд оролцох шийдвэрээ албан ёсоор гаргасан бол, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо энэ сарын 28-ны өдөр хуралдаж, сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэлсэн үгэндээ МАН хуульд заасан 10 гаруй баримт бичгийг бүрдүүлж хүсэлтээ өгч байгаа бөгөөд энэ сонгууль улс төрийн нам, улстөрчдийн рейтингийг тогтоосон сонгууль болно гэж бодож байгаа учраас МАН хариуцлагатай оролцоно гэдгээ илэрхийллээ. Тус намын зүгээс нэр дэвшигчийн асуудлаа ярилцаж байгаа юм байна. Хэнийг нэр дэвшүүлэхээ ирэх сарын 25-28-нд тодорхой болгож шийдвэрлэх гэнэ.
Мөн энэ үеэр МАХН-ын ЕНБД Б.Тулга энэ удаад 2016 оны 60 тэрбум, 2017 оны мөнгөн дээр тогтсон сонгууль шиг явуулж болохгүй гэдгийг онцлоод МАХН-аас нэр дэвшигчийг Бага чуулганаараа хэлэлцэж тодруулна гэлээ.
Нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн баримт бичгүүдийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах ёстой.
Улсын Дээд шүүхэд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн намууд нөхөн сонгуульд оролцох эрх нь нээгдэх юм. Түүнээс гадна өмнө оролцсон сонгуулийнхаа зардлын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэхгүй байх хуулийн заалттай. Энэ шаардлага эвсэлд нэгдэн орж буй намд ч мөн адил хамаардаг.
Харин нам, эвслүүд нэр дэвшигчээ тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тодруулж, бие даагчид 24-30-ны өдрүүдэд нэр дэвшүүлэх хуулийн хугацаатай.