Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас өнөөдөр (2019.04.29) мэдээлэл хийлээ. Тус газраас маргааш Геодизи зураг зүйн салбарын удирдах ажилтны II зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэж, газар эзэмшигчдийн бүх мэдээллийг ил тод болгож байгааг тодотгов.
Улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг заавал улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон. Иргэдийг улсын бүртгэл, газрын алба хоёрын хооронд явуулж чирэгдүүлэхгүйгээр ХУР системээр мэдээллээ солилцдог болсон. Монгол Улсын үндэсний газрын кадастрын бүртгэлийн системийг арваннэгдүгээр сар гэхэд бүрэн ажиллагаанд оруулах аж. Иргэд ДАН системээр нэвтэрч өөрийн газрын өмчлөлийн мэдээллийг авахаас гадна өргөдөл гаргасан бол ямар албан тушаалтанд очсон, хаана удааширч байгаа гэх зэрэг мэдээллийг авах боломжтой юм байна. www.Egazar.gov.mn цахим хаягаар газар эзэмших, ашиглах, өмчлөх болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, мэдээлэл авах боломжтой.
2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 1 сая 91 мянга 873 иргэн, аж ахуй нэгж байгууллага 6.9 сая га газрыг эзэмшжээ. Энэ нь өмнөх оныхоос нийт 55.756 –гаар өссөн үзүүлэлт аж. Энэ онд нийт өмчлүүлэх газрын 99.5 хувь нь Монгол Улсын иргэдэд үнэгүй өмчлүүлэх, 0.50 хувь нь аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх газар байна.
2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 19.4 хувь нь газраа өмчилж авсан бол 2019 онд 5.6 мянган га газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр, 24.5 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн газар зохион байгуулах хэлтсээс тухайн жил хийгдэх ажил, иргэдэд газар өмчлүүлэх байршлыг тодорхойлдог. Одоогоор газар өмчлөл 89 хувьтай байгаа боловч хотын иргэдийн тухайд газар өмчлөлийн хувь маш бага гэнэ. Учир нь дэд бүтэц хөгжөөгүй байршилд учраас мэдээж амьдрах нөхцөл бүрдээгүйтэй холбоотой байдаг. Одоогоор эзэмшил газартаа амьдарч буй иргэд 11 хувийг л эзэлж байгаа юм байна. Тиймээс нийслэлийн ойролцоох хот суурин газар болох зам хооронд газар төлөвлөлтийг хийх талаар Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газартай хамтран ажиллаж, судалгааг хийж эхэлжээ.
Газрын төлбөрийн тухай хуулийн 182 дугаар тогтоолын дагуу газрын суурь үнэд өөрчлөлт орсны дагуу төвийн бүсэд газрын үнэ өссөн бол захын дүүргүүд рүү хямд үнэтэй байгааг мөн энэ үеэр албаныхан дуулгалаа.