“Монгол генерал” төвийн тэргүүн, доктор, профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүүтэй ярилцлаа.
-“Монгол генералуудын өдөр” удахгүй тохиох гэж байна. Алтан мөрдэстнүүддээ хүндэтгэл үзүүлдэг энэ өдрөөр ямар арга хэмжээ өрнөх вэ?
-“Монгол генералуудын өдөр” гээд баяр наадам тэмдэглэх гэсэн юм биш. Энэ өдөр амьд түүх болсон ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ажил, амьдралынх нь туршлага, туулж өнгөрүүлсэн замналыг нь залуу хойч үеийнхээ оюун санаанд бага ч атугай шингээе гэж зорьдог. Үүний тулд олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, нэгдүгээрт, телевиз, сонин, радио гээд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр ахмад генералууд маань хүнд цаг үеэс өнөөдрийн нийгэмд хэрхэн шилжсэн, цэргийн дарга хүн гэж ямар байх ёстой гэхчлэн хууч дэлгэсэн сайхан ярилцлагууд өгсөн байх жишээтэй. Хоёрдугаарт, төвлөрсөн арга хэмжээ, уулзалтууд буюу оюутан залуус, томоохон албан байгууллагуудад эх оронч үзлийн талаар яриа таниулга хийж байна. Үндсэн байгууллагууд нь ч гэсэн генералууддаа хүндэтгэл үзүүлж, яриа лекцийг нь сонсож, заавар зөвлөмжийг нь үйл ажиллагаандаа тусгаж байна.
Энэ жилийн хувьд их онцлогтой. 1944 оноос хойш генерал цол олгож эхэлсний 75 жилийн ой тохиож байна. Түүхэн ой тохиосон энэ жилийн арга хэмжээг БХЯ-наас энэ сарын 26-ны өдөр зохион байгуулна. Мэдээж бид уламжлал ёсоор Чингис хааны болон жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа тэднийг Улсын Их хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзана. Төрийн ордноос гараад БХЯ-ны төлөвлөгөөгөөр явна. Офицеруудын ордонд генералуудын үйл амьдралтай холбоотой үзмэр дэлгэгдэж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг үзүүлнэ. Энэ үеэр МУГЖ, ахлах ахлагч Б.Батбаатарын дуулсан “Миний генерал” дууны клипийг үзэгчдийн хүртээл болгоно. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд генералууддаа хүндэтгэл үзүүлнэ гээд өмнөх жишгээрээ л арга хэмжээ явагдана. Мөн үндсэн байгууллагуудаас гадна харьяа дүүрэг, орон нутгуудынх нь төлөөлөл ч генералууддаа хүндэтгэл үзүүлж байна.
-Генералуудын амжилтын буухиаг товчоолбол …
-Одоогоос 75 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Энэ цагаас хойш 182 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор өдгөө 91 нь энх тунх байна.
Генералуудаас БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, Монгол Улсын гавьяат цолтон 11, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10, дипломат албанд ажилласан нь ч бас олон. Өнөөдөр дайнд оролцсон генералуудаас амьд сэрүүн байгаа нь ганцхан хошууч генерал Т.Алтангэрэл гуай юм. 101 насыг зооглож байгаа энэ буурал дайны голомтыг өөрийн биеэр үзэж туулсан, давшиж тэмцсэн цэргийн нөхөр юм. Энхийг сахиулах ажиллагаанд одоо ч гэсэн бригадын генерал Д.Баярсайхан хариуцлагатай алба хашиж яваа. Дээрх тоо баримт нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгт төдийгүй улс орны хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож байсныг илтгэх байх.
“Монгол генерал төв”-ийг байгуулах болсон түүхээ хуучлахгүй юу?
-1999 онд “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор болон “Саран ээж” нийгэмлэг хамтран манай домог болсон генералуудыг цуглуулсан байдаг юм. Хурандаа генерал Ж.Авхиа, Б.Дэжид, дэслэгч генерал Д.Ёндондүйчир, Б.Цэдэн-Иш, Ш.Арвай, Ж.Жамъян гээд барааг нь хараад л сүрдэх мундгууд цуглалаа. Бараг 70 гаруй хүн ирсэн байх. Өмнө нь тийм арга хэмжээ төдийлөн болж байгаагүй учраас их л идэвхтэй цугласан юм даг. Тэгсэн домгууд маань босож ирээд “Баасанхүү нөхөр минь чи нэг юм бод. Бидний хэдэн генералууд цаашдаа тогтмол уулзмаар байна. Нэгнээ хараад сэтгэл их сэргэлээ. Залуу хүү та энэ ажлыг хий” гэж даатгасан. Тэр үед хамгийн сүүлд цол авсан шинэ цэрэг нь би байж таарсан л даа. Ингэж л би дарга нарынхаа тушаалаар хөөцөлдөж гүйсээр “Монгол генерал төв”-өө байгуулж, гэрчилгээ, тамга тэмдгийг нь авсан юм. Үүнээс хойш 20 жил болж байна. Манай байгууллага гишүүддээ үйлчлэхээс нийгэмд биш. Нэгдүгээрт, ахмад үеийнхээ түүх, уламжлал, замнал, гавьяат үйлсийг мартагнуулахгүй авч үлдэж, дараагийн хүмүүстээ хүлээлгэж өгөх зорилготой. Үүний тулд хүүхэд багачууд, оюутан залуус, албан байгууллагуудад эх оронч үзэл, хүмүүжлийн талаар тасралтгүй ярилцлага хийж байна. Мөн жилд дор хаяж тав хүртэлх генерал ном бүтээлээ гаргаж байна. Энэ нь өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах, үндсэн байгууллагууддаа мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хоёрдугаарт, генералууд маань айхтар сүрхий цол зүүсэн хэдий ч хүн шүү дээ. Алдаж онох, гуниж гутрахад нь тусалж, дэмжихийн төлөө явж байна. Гуравдугаарт, ижил төсөөтэй байгууллагуудтай хамтарч, үндсэн байгууллагууддаа дэм болох чиглэлээр бид ажиллаж байна. Үндсэн байгууллагад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ИНЕГ гэсэн найман байгууллага хамаардгийг та бүхэн мэдэх байх.
-Миний уншсан дурсамжид “Генерал хүнийг би төр гэж хардаг” тухай бичсэн байсан. Тэгэхээр энэ цолыг дааж явна гэдэг асар их хариуцлага байдаг байх?
-Цэргийн дээд цол хүртсэн хүн жирийн нэгэн офицер шиг яваад байж болдоггүй юм. Тэр цэргийн нөхөр генерал болсноороо нийгмийн анхаарлын төвд орж, олон нийт байнга сонирхон ажиглаж эхэлдэг байхгүй юу. Энэ цолыг цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, ажил мэргэжлийн нэлээд их туршлагатай, стратегийн болон оперативын том хэмжээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажиллах чадвартай, тодорхой ажил амьдрал, албан тушаалын шалгууруудыг давж байж хүртдэг юм шүү дээ.
Тодруулбал, генерал хүн хамгийн түрүүнд өндөр боловсролтой байх ёстой. Бүр багаасаа бэлтгэгдэж, шат шатны сургуулийг нь сайн дүнтэй дүүргэсэн байх. Түүнээс гадна мэргэшил чухал.
Багаас нь их рүү өгсөх замаар дэвшиж байж энэ эрхэм цолыг хүртэх эрхтэй. Хараад байхад өнөөдөр тамга барьж үзэхийг хүсдэг нийгэм болчихож. Тэр нийгмийн тусгал манайд ч гэсэн байж л байна. Нийгмийн нэгэн эд эс нь учраас тэр. Гэхдээ энэ цэргийн салбарт байж боломгүй зүйл. Жишээлбэл, дугаар ангийн салааны дарга, дэслэгч Батаа гэж байлаа гэж бод. Дэслэгч Батаа тодорхой тооны цэргүүд болон хуягт машин хариуцах агаад буудлага болоход “Гал нээ” гэж хэлээд л буудчихдаг юм биш. Үүний өмнө аюулгүй байдал, цаг хугацаа, сумны тоо, хугацаат цэргүүдийн бэлтгэгдсэн байдал гээд бүх зүйлийг нарийн тооцоолох ёстой. Ингэж тооцоолно гэдэг нь цэргийн урлагт суралцаж байна гэсэн үг. Гарын арван хуруу шигээ мэдэж, мэдэрч байж дараагийн албанд дэвшин ажиллах ёстой. За, нөгөө Батаа хэдэн жилийн дараа тодорхой шалгуурыг даваад ротын захирагч боллоо. Өмнөхөөс хоёр дахин их ажил хариуцаж, бас л энэ албандаа мэргэшиж эхэлнэ. Олон хүнийг, олон эд ахуйг хэрхэн хариуцаж ажиллах вэ гэдэг эрдэмд суралцуулж байгаа юм. Батальоны захирагч боллоо.
Түүнээс ч их ажил нуруун дээр нь ирнэ. Тэр их ажлыг яаж алдаа эндэгдэлгүй хариуцах вэ гэдэгт дахин суралцаж эхэлнэ. Энэ нь юуг хэлэх гээд байна гэхээр цэргийн хүн заавал дороос дээш өгсөх замаар дэвших ёстой гэсэн санаа. Хэрэв энгийн байгууллагад сайн инженер байлаа гэж бодоход хэдхэн жилийн дараа дарга болоод дэвших боломж байдаг. Чадаж байвал та хий. Харин цэрэгт бол өөр. Чадаж байсан ч тодорхой цаг хугацаа, шат дамжлагыг дамжих ёстой. Өдгөө төрийн байгууллагад цэргийн энэхүү зарчмыг нэвтрүүлэх тухай ярьж байгаа юм билээ. Үүнд л цэргийн гол онцлог, учир шалтгаан оршиж байгаа юм. Магадгүй өнөөдөр генерал цолтнуудын дунд маань алгасах замаар энэ цолыг хүртсэн нөхөр байдаг бол өөрийгөө дайчилж, шалгуурыг нь хангах ёстой. Доор ажиллаж байгаа хүнээсээ дор байвал ямар олигтой байх вэ дээ. Хэрэв хангаж байгаа бол түүнийгээ хадгалах ёстой. Мэдээж сайн, мууг нь бид шүүхгүй. Цэргийнхэн өөрсдөө шүүнэ. Харин эх оронд аюул учирсан тохиолдолд ард түмэн шүүнэ. Туршлага заасан генерал, цаас шагайсан генерал хоёр өөр. Туршлага, цаас хоёрын үнэр нь хүртэл ондоо. Генерал цолтон бүх талаараа төгс байх ёстой.
-Мэдээж тийм…
-Би 18 настайдаа цэргийн албанд ирсэн. Анх ирэхэд лут амьтан л байсан юм даг. Айлын ганц хүүг ч хэлэх үү, хоолоо ах дүүдээ булаалгаж үзээгүй, өлсөж цангах, даарч хөрөхийн зовлонг амсаагүй. Цэрэгт ирээд харин их зүйлийг сурсан. Хоолонд орж байхад хэн нэгэн маань аяга, халбагаа дуугарахад л бүгдийг нь хөөж гаргана. Дараа нь тэр хүүд “Чамаас болж бид хоолгүй боллоо” гэхээр өнөөх маань ийм алдаа гаргахгүйн төлөө маш их хичээдэг. Бусдад нь ч сургамж болдог. Цэрэгт бас л яг үүн шиг зан чанарыг нь хүртэл нийтлэг жишигт оруулдаг.
-Захирах захирагдах ёсыг хэлж байна уу, та?
-Зэвсэгт хүчний нэг ангид онгироо, зөрүүд, ааштай гээд янз бүрийн зан араншинтай залуус томилогдон ирсэн ч хэдхэн жилийн дараа тэд бусад шигээ нийтлэг зан төрхтэй болчихсон байдаг. Цэрэгт ирсэн хүн өөрийн эрх ашгийг хязгаарлаж, бусдын эрх ашгийг дагах шаардлагын дагуу ингэж өөрчлөгддөг юм. Хэрэв өөрчлөгдөхгүй даргын өөдөөс байнга үг сөрдөг, бусдыг хатган үймүүлдэг, өөрийгөө хэт дөвийлгөдөг, хов жив хөөцөлддөг гээд цэрэгт байх ёсгүй зан чанар нь хэвээрээ байгаад байвал удирдлагыг нь тааруухан л байна уу даа гэж харна. Цэрэг хүн даргын тушаал дор ажиллаж амьдрах хэмнэлтэй. Үүгээрээ ч бусдаас ялгардаг.
-Та генералуудыг нутаг усаараа хуваагдахыг нэлээд шүүмжилдэг байх аа?
-Генерал гэдэг цэргийн дээд цол. Цэргийн үйл ажиллагаа түүний төрсөн нутаг оронд ямар ч хамаа байхгүй. Хүн бүр өсөж өндийсөн нутагтай. Дотоод сэтгэлдээ шүтэж хайрлаж явахыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ тэр аймаг хамгийн олон генералтай, тэр аймаг нь хамгийн цөөхөн гээд цэргийн үйл ажиллагааг нутагтайгаа холбож ярихад би дургүй. Цэргийнхэнд байж болохгүй хоёр дахь зүйл нь бүлэглэл. Ямар нэгэн эрх ашгийн төлөө нэгдээд явах үзэгдэл цэрэгт угаасаа байж болохгүй. Өөрөө нэгдмэл цул байтал дотор нь хэдэн хэсэг хуваагдаад явбал эв түнжин хагарч, тарж бутрахын эхлэл болно. Гуравт, шашны асуудал. Хувь хүний шүтлэг бишрэлд хэзээд хүндэтгэлтэй хандаж, хөндлөнгөөс оролцох ёсгүй.
-Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий хоёр генералын цолыг хураах шийдвэр гарсан. Үүнд танай байгууллагын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Дээд офицерын цолыг өгөх эрх хэнд байна, тэр хүн буулгах, авах эрхтэй байдаг. Хуулиараа тийм. Үүнд оролцох эрх зүй хийгээд ёс зүй бидэнд байхгүй. Энэ нь өгсөн, авсан хоёр хүний харилцааны асуудал. Ер нь ийм тохиолдол өмнө нь цөөнгүй гардаг байсан. Хураалгаж, буцаад сэргээсэн, цол бууруулж, эргээд нэмүүлсэн зэрэг тохиолдлууд бий.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-“Монгол генералуудын өдөр”-ийг тохиолдуулан энэхүү эрхэм цолыг хүртсэн генералууд, тэдний гэр бүлийнхэн, генералуудын удирдлагад алба хааж, ажиллаж байсан цэргийнхэн та бүхэндээ баярын мэндийг хүргэж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд бадрах болтугай!
“Соёмбо” сонин, дэслэгч Д.БОЛОРМАА