Дорноговь аймгийн Замын-Үүд сумын улс хооронд зорчигч болон ачаа тээвэр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус сумын иргэд, жолооч нар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэхүү хуралд “Эвийн үүд хамтын жолоо”, “Говийн жолоо”, “Далд хүн” ТББ-ын төлөөллүүд оролцлоо. Замын-Үүд суманд 19 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд 70 гаруй хувь нь тээврийн үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг ажээ. Гэвч тэдний хил дээр ажиллах нөхцөл маш хүнд хэцүү болжээ. Тухайлбал, Хятадын боомтын талаас монгол жолооч нарт дарамт шахалт үзүүлж, татвар татаас авч, зодож дарамтлахаас гадна, бичиг баримтыг нь дур зоргоороо хурааж авах нь энгийн үзэгдэл болсон гэв.
Эрээнд чөлөөт бүс гэх нэгэн хашаа руу жолооч нарыг оруулж нэг машинаас 350-500 юань авдаг. Улмаар жолооч нарын хил нэвтрэх эрхийг дураараа хасч, боомилох, хөөж туух нь ч ихэссэн гэдгийг онцлов. Гэхдээ зохицуулалтаараа 4-5 хүний суудалтай автомашинаар л хил нэвтрэх эрхтэй бөгөөд УАЗ-469 машинаар л хил нэвтрэх боломжтой гэнэ.
Замын-Үүд сумын ТББ-уудын төлөөлөл Г.Машбат “Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчид Монгол Улсын Засгийн газраас хоёр зүйлийг хүсэж байна.
Хилийн боомт нэвтрэхэд дарамт шахалтгүйгээр зорчигчийнхоо ачаа тээшийг авч явахад туслах
Ачааны зориулалтын хэсэгт зорчигчийн өргөн хэрэглээний ахуйн барааг тавиулдаг болгох
Нэг жолоочийн ард олон хүний асуудал яригдаж байгаа төдийгүй тус сумын ард иргэдийн амьдрал эрс доройтож, ажилгүйдэл нэмэгдэж байгаа тул Авто тээврийн үндэсний төв, Засгийн газар, Зам, тээвэр хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагууд анхааралдаа авч ажиллахыг хүсэж байна” гэлээ.
Гэвч энэ асуудалд Монголын талаас нэг удаа ч анхаарал хандуулж, эрх нь зөрчигдөж байгаа иргэд, жолооч нараа хамгаалах арга хэмжээ авдаггүй гэж байлаа. Харин ч нэмж сүрдүүлж, шахаж хавчдаг байна. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалахыг төр засгийн удирдлагуудаас тэд хүсч байгаа илэрхийлэв.
Төрийн бус байгууллагуудын зүгээс Замын-Үүд сумын тээвэрчдийн дунд тулгамдаж буй асуудлын талаар судалгаа хийжээ. Уг судлагаанаас харахад 47 жолооч нэг тэрбум гаруй төгрөгийн банкны зээлтэй байгаа нь гарчээ.