Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт иргэн Б-гийн охин У /9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй алга болсон талаар өмнө нь бид мэдээлсэн. Охиныг эрэн хайх ажиллагааг тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, 5 автомашинтай энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Тус аймаг дах Цагдаагийн газраас 23-ны 10:00 цагт тус сумын Бумбат багийн “Цага
ан нуур” гэдэг газар тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг онцгойгийхонд ирүүлжээ. Цагаан нуур нь Жавхлант сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т оршдог бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, Хилийн 0101 дүгээр ангийн 16 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 10 алба хаагч, нийт 76 алба хаагч өчигдөр (2019.04.24) 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Аврагчид тус сумын “Дунд гүүр” гэдэг газраас Дулаанхаан тосгоны “4 замын уулзвар” гэдэг газар хүртэл “Ерөө” голын эрэг дагуу 29 км-т усаар, Жавхлант сумаас урд зүгт “Унгаагийн-Ам” гэдэг газраас “Гэзэгт толгой” гэдэг газар хүртэл 46 км-т газраар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байгаа юм байна.
Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт” хэмээх газар Төмөр замын 306 дугаар точкад зуслагийн байшингаа эргэх гэж явсан иргэн сураггүй болжээ. Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат 61 настай Э /эрэгтэй/ нь энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргээр 13:10 цагт очоод сураггүй болсон аж.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан энэ сарын 23-ны өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй гэнэ. Э-н ар гэрээс нь “Хараа” голын усанд эрэн хайх хүсэлтийг мөн өдрийн 09:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 4 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 12 хүн өчигдөр (2019.04.24) 10:10 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тус сумын Цогт-Өндөр багийн “Баянбуурлын гүүр” гэдэг газраас хойд зүгт УБТЗ-ын “290 дүгээр зогсоол” гэдэг газар хүртэл 16 км-т, урд зүгт “306 дугаар зогсоол” гэдэг газар хүртэл 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.