Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн II үе шат өнөөдөр зохион байгуулагдлаа. Хөрөнгө үрж, зарлал түгээн, олны цагийг хагаслан байж хоёр цаг орчим үргэлжилсэн энэ арга хэмжээнд иргэд сэтгэл дундуур байна. Шууд утгаараа бол ямар ч зохион байгуулалтгүй хэмээн шүүмжилж хангалтгүй гэсэн дүн тавьлаа.
Гамшгийн үед иргэд юу юунд анхаарч, ямар бэлтгэлтэй байх вэ гэдгийг иргэддээ нэг бүрчлэн ойлгуулж өгөх ёстой Онцгой байдлын алба энэ удаад заасан байршилд очих бэсрэгхэн мэдээллээс хэтэрсэнгүй.
Өглөө гамшгийн дохио 08:00 цагт дуугар ёстой байсан ч зарим газруудад дуугарсангүй. Улсын хэмжээнд 395 зарлан мэдээллийн сирени дохио байдаг. Түүний 60 нь Улаанбаатар хотод байдаг гэж байсан болов ч түгшүүрийн дохиог нийслэлчүүдийн дийлэнх нь сонссонгүй.
Иргэд дохионы дуугаар биш зарласан цагийн баримжаагаар гадагш гарлаа гэцгээж байв. Хэвийн сонсголтой хүмүүст сонсогдоогүй аюулын дохио тэгэхээр сонгсолын бэрхшээлтэй хүмүүст бол бүр хүрэхгүй гэсэн үг юм. Тэгэхээр энэ нь газар хөдлөлтийн маш өндөр эрсдэлтэй болсон гэгдээд буй нийслэлд нэлээд хэдэн дохио нэмж байрлуулах шаардлагатай байгааг илтгэж байна.
Түгшүүрийн дохио дуугарсны дараа иргэд орон сууц, байрнаасаа гарч аль болох өөрт ойрхон аюулгүй талбайд очих ёстой.
Гамшгийн үед сууж, нуугдаж, хүлээхээс өөр юу хэрэгтэй вэ?
Онцгой байдлын алба орон даяар явагдсан энэ арга хэмжээний үеэр иргэддээ аливаа гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай бэлтгэлийг ойлгуулж, таниулж, хийлгэж хэвшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах ёстой байв.
-Иргэд яаралтай үед хэрэглэх зүйлсээ тусгайлан цүнхэнд хийж бэлтгэж хэвших
-Яаралтай тусламжийн үед гэр бүл, найз нөхөд, танилуудынхаа холбогдох хаягийг бэлдээд цүнхэндээ хийсэн байх
-Шаардлагатай үед хэрэглэх усны нөөцөө хадгалах
-Гал унтраагчийг гарын дор бэлэн байрлуулах
-Газар хөдлөлтийн гамшиг нүүрлэх үед хэрвээ гал хэрэглэж байсан бол түүнийгээ яаралгүй тайван унтраагаад гарах
-Хаалга онгойлгож гарах гарцыг баталгаажуулах
-Яарч сандарч гадагшаа гүйж гарахгүй байх
-Амьдарч байгаа дүүрэг, хороонд нүүлгэн шилжүүлэх байр луу явах
-Газар хөдлөлтийн тухай үнэн зөв мэдээлэл олж авах
-Хоргодох газар луу явах бол машинаар явахгүй, заавал алхаж явна гэх мэт наад захын мэдлэгийг иргэд өнөөдрийн арга хэмжээнээс олж авч чадсангүй.
Хорооноос тараасан тайлбар хуудаст ч энэ тухай мэдээллийн дийлэнх нь байсангүй. Тэнд Суу, нуугд, хүлээ гэсэн ердийн мэдээлэл л байж байх юм.
Хэдэн талаасаа цугласан иргэд аюулгүй талбайд албаныхны өгч байгаа заавар, мэдээлэлд анхаарал хандуулахаасаа илүүтэй албан газартаа үзүүлэх бичгээ баталгаажуулах гэж яарч байв. Хорооноос тараасан хуудсан дээр тамга даруулж, өөрсдийн хаяг, нэр, ам бүлээ бүртгүүлэх гэсэн хүмүүсийн дараалал нэлээд урт үргэлжилжээ.
Гамшиг бус бүртгэл л чухал байв
Бүртгэл хийж байгаа, тамга дарж байгаа хоёр ажилтан дээр иргэд замбараагүй, зай завсаргүй чихэлдэнэ. Бүртгэлийн хоёр ажилтныг зандрах нь энүүхэнд, тухайн хоёр ажилтан ч “бид дуртайдаа ингээд сууж байгаа юм биш” гэхчлэн хэн хэн нь нэлээд бухимдалтай байлаа.
Энд л хүмүүс дүгнэлтээ өгч, зохион байгуулалтад шүүмжлэлтэй хандаж байна. Иргэд өнөөдөр ирээгүй иргэдийг Зөрчлийн хуулиар шийтгэх нь гэсэн ойлголттойгоор, хорооноос тараасан хуудасны доод үзүүр дээр байх, гамшгийн арга хэмжээнд оролцсон эсэхийг баталгаажуулах тамга даруулж, ажил дээрээ аваачих зорилгоор л энд цугларсан уу гэлтэй. Бүртгэлийн хэсэгт бөөн дараалал. Тэнд гамшгийн тухай мэдээллийг сонирхож байгаа хүн ховор байна.
Онцгой байдлын газрын албаныхан иргэдэд хандаж, газар хөдлөлтийн улмаас нийслэлийн зүүн урдаас баруун хойш чиглэлтэй газрын хагалбар бий болсон тул эрсдэл мөш өндөр байгаа тухай мэдээллийг, мөн эрүүл мэндийн ажилтнууд яаралтай анхан шатны тусламж үзүүлэх зааварчилгаа өгч байсан юм.
Харин бүртгэлээ хийлгэж сэтгэл амарсан хэсэг нь албаныхны заавар, зөвлөгөө, мэдээллийг нэгбүрчлэн сонссон гэхэд эргэлзээтэй. Албаны хүмүүсийн ашиглаж байсан техник хэрэгсэл буюу чанга яригч олны чимээнд дарагдан бүдэг бадаг л сонсогдоно. Тэндээс үг олж дуулахад тун бэрх.
Угаасаа айл өрхүүдэд тараасан танилцуулга хуудсан дээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлд тусгасан иргэний эрх, үүргийг тодорхой дурдсан байгаа. Харин гамшгийн үед бид ямар арга хэмжээ авч, юуг урьдчилан бэлтгэх талаар нэг ч үг үсэг дурдаагүй.
Нэг дарга шагнуулаад, арга хэмжээ мартагдана
Худлаа юмыг үнэн, үнэн юмыг худлаа гэж мэдээлж чаддаг хэрнээ ОБЕГ-ынхан онцгой байдлын үед иргэд яг юу хийх тухай ойлголтыг олон нийтэд хүргэж чадаагүйгээс болж олны цагийг үрж, зарласан арга хэмжээ нь бүтэлтэй болсонгүй.
Одоо Онцгойгийнхон арга хэмжээгээ сайн, сайхан болсон гэж мэдээллээд өнгөрөх байх. Үүний дараа хэн нэг дарга нь шагнуулаад арга хэмжээ мартагдана биз.
Мөнгө зарж, хүмүүсийн цагийг үрж хийсэн энэ ажлын эцэст харин ард иргэд нь аюулгүй талбайн нэг байршлыг л мэддэг болсноос өөрийг мэдэж, сурч, ойлгосонгүй. Ядаж гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх байр буюу хоргодох байр хаана хаана байдаг, ажиллаж, амьдарч байгаа дүүрэгт нь үнэхээр байдаг эсэхийг ч мэдэлгүй тарлаа.
Я.ХУЛАН
1 comment
Манай БГД -т ч яг ийм болсон.