АНУ-д Адольф Гитлерийн амиа хорлохоосоо өмнөхөн фельдмаршал Фердинанд Шернертээ явуулсан цахилгааныг дуудлага худалдаанд тавилаа.
Мэрилэнд мужид болж буй энэхүү дуудлага худалдаагаар түүхэн баримтыг 60-80 мянган доллараар дуудлага худалдаанд оруулах гэж байна. Дуудлага худалдаа 04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 1-нд болно гэжээ. Дуудлага худалдаанд мөн Шернерийн Гитлерт бүслэгдсэн Берлинийг яаралтай орхихыг уриалсан захидал ч багтжээ.
1945 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бичсэн цахилгаанд Гитлер “Би Германы төлөөх шийдвэрлэх тулаанд оролцож, үлдсэн бүх хүнд сайн үлгэр үзүүлэхийн тулд Берлиндээ үлдэнэ. Ийм байдлаар Германдаа нэр төртэй алба хашсан гэдгээ харуулна гэж итгэж байна” гэжээ.
Дуудлага худалдааг явуулж буй “Alexander Historical Auctions” компанийн ерөнхийлөгч Билл Панагопулосын тэмдэглэснээр энэ нь фюрерын эцсийн зурвас байсан гэнэ.
Энэ цахилгааныг илгээснээс хойш хоёр хоногийн дараа Гитлерт нийслэлээс гарах боломж байсан ч тэр татгалзсан гэж компанийн ерөнхийлөгч ярьсан юм. “Магадгүй тэр Шернерийг Чехословакаас хойшилж, Берлинийг чөлөөлнө гэж найдсан байх. Гэхдээ тэд хоёулаа энэ нь боломжгүй гэдгийг мэдэж байсан гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
Адольф Гитлер, түүний гэргий Ева Браун нар 1945 онд 04 дүгээр сарын 30-нд Берлин дээр фюрерийн бункерт амиа егүүтгэсэн юм.