Засгийн газар өчигдөр (2019.04.23) ээлжит бус хуралдаан зарлаж, Сангийн яам таван асуудал оруулсан ба Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэлцэж шийдвэрлэсэн гурван асуудлын талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Нэгдүгээрт, 2020 онд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичгийг,

Хоёрдугаарт, 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг,

Гуравдугаарт, 2020, 2021, 2023 он гэсэн гурван жилийг хамарсан Засгийн газрын өрийн стратегийн баримт бичгийг тус тус Засгийн газрын хуралдаанаар оруулж, дэмжлэг авч УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

1/ 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувь, инфляцийн түвшинг 8 хувь, гадаад худалдааны тэнцлийг 1 тэрбум ам.долларын ашигтай, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 5.1 хувь байна гэж тооцжээ.

2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл дээр нийт 37 ихнаяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй арга хэмжээг тусгах санал ирүүлснээс нийт 10 ихнаяд төгрөгийн 116 арга хэмжээг тусгаж байгаа юм байна. Үүнээс улсын төсвөөс 3.4 ихнаяд төгрөг нь хэрэгжих боломжтой гэж үзэж төсөв дээр суулгасан байна. Урсгал зардлын хувьд 1.3 ихнаяд төгрөгийн арга хэмжээг улсын төсвөөс хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

2/ Төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой хэмжээний зардлуудыг суулгаж өгч байгаа аж. Цалин тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэгдүүлнэ. Шинээр батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлууд тавигдсан байна. Хөрөнгө оруулалтын зардлыг 2019 онд нэлээд өндөр дүнтэйгээр тавьсан. Учир нь сонгуулийн жилд шинээр хөрөнгө оруулалтын ажлуудыг ихээр тавихаар хэрэгжихгүй үлдэх явдал гардаг. Улмаар шинэ Их хурал, Засгийн газар бүрдэж, зарим төлөвлөгдсөн ажлууд орхигддог. Тиймээс 2020 онд шинээр эхэлсэн ажлуудаа дуусгах ёстой гэсэн зарчмыг барьж байгаа юм байна. Гэхдээ Байгалийн түүхийн музей, Үндэсний их театрын барилгын ажлуудын хөрөнгийг улсын төсөвт тусгаж шинээр эхлүүлэх ёстой гэдэг чиглэлийг харгалзан тооцоо хийж байгаа гэнэ. Мөн Үндэсний номын сан 2020 онд ашиглалтад орох ёстой гэсэн чиглэлийн дагуу үүнтэй холбоотой тоног төхөөрөмжүүдийг төсөв дээр суулгаж өгсөн байна.
Төсвийн зарлагын дээд хэмжээ ДНБ-ий 32.8 хувь байсныг 32.4 хувь болгож, төсвийн зарлагын хэмжээ ДНБ-ий 5.5 хувь байсныг 4 хувь болгож, төсвийн хөрөнгийн зарлагын хэмжээ ДНБ-ий 9.2 хувь байсныг 8.6 хувь болгож гэх мэтээр буусан байхаар тооцож байгаа юм байна.

3/ Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ-ий 78.8 хувь байсан бол 2018 оны төгсгөл дээр 58.9 хувь болж буусан байна. Тэгэхээр барих, шилжүүлэх концессыг хийхгүй, арилжааны нөхцөлд дотоод, гадаад бондыг авахгүй гэсэн бодлогыг баримталж байгаа аж. НД-ын сангийн хөрөнгө, ЭМД-ын сангийн хөрөнгүүд арилжааны банкуудад байршдаг байсан бол 2020 оноос төрийн сан дээрээ төвлөрүүлэх бодлого баримталж байгаа гэнэ. Засгийн газрын үнэт цаасыг блокчейн платфорт дээр үндэслэн шууд иргэн, ААН худалдан авах боломжийг бүрдүүлсэн. 2019 оны эхний улирлын байдлаар төсөв 196 тэрбум төгрөгийн ашигтай явж байгаа. Тиймээс аль болох бонд гаргахгүйг хичээнэ. Өрийн хэмжээ ДНБ-ний 93-тай тэнцэж байсан үе бий. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлбэл Засгийн газрын нийт өрийн хэмжээ ДНБ-ний 54 хувьай тэнцэж бууж ирнэ гэсэн тооцоолол хийсэн.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн