“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулна.
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм. Насны шаардлага хангасан хүүхдүүд гэрээ байгуулсан эмнэлгүүдээс сонгон харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.
Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 2-12 насныхны дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэсч байна. Тодруулбал, 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарчээ.
Хүүхдийн шүдний цоорол чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болдог. Иймд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яам “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2018 оны наймдугаар сарын 15-нд батлуулсан.
Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт хамгийн их үр ашигтай байдаг бөгөөд хамгийн багаар тооцоход нийгэмд арав дахин их үр ашгийг эргэн авчирдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эмнэлгүүдтэй танилцана уу: