Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл талийгаачдын цогцос солигдсон болохыг өнөөдөр хөдөөлүүлэх үед ар гэрийнхэн нь мэдэж, холбогдох байгууллагад мэдэгдсэн байна.
Ийм асуудал гарсан гэдгийг ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд баталж байна. Хэргийн газарт НЦГ, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ШШҮХ-ийн шинжээч нар ажиллаж, цогцос таниулах үйл ажиллагаа явагдсаны дараа цогцсуудыг уутанд хийж овог, нэр, дугаарыг наан ШШҮХ-д хүргүүлсэн аж.
Түүний хэлснээр цагдаагийн байгууллагаас талийгаачдын цогцсыг угааж цэвэрлээд, ар гэрийнхэнд нь таниулах ажил хийгдэх ёстой байсан ч энэ ажиллагаа хийгдээгүй гэнэ.
Осол гарсан өдөр нэг айл цогцсыг таньсан бол 19-ний өглөө бүгд цогцсыг таньж, гарын үсгээ зураад шарилыг авч явсан байна. Харин өнөөдөр өглөө шарил солигдсон гэх гомдол гарчээ.
Уг асуудлыг ШШҮХ-гийн хяналт шалгалт, аудитын хэлтсээс шалгаж, ямар албан тушаалтан хариуцлага алдсан, талийгаачдын нэрс хаана солигдов гэдгийг шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар гадна үзлэг хийх явцад нэр хаяг солигдсон асуудал гараагүй гэдгийг тогтоосон гэнэ.