Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн хөгжил” далд уурхайд өнгөрсөн Бямба гарагт (2019.04.20) осол гарч, гурван хүн нас барж, нэг хүн гэмтсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
“Эрдэнийн хөгжил” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг анх 2017 онд нэг хүний амь хохирсонтой холбоотойгоор зогсоож байсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн зөрчлийн шалтгаанаар мэргэжлийн байгууллагаас удаа дараа түр зогсоох шийдвэр гаргаж байсан боловч лацыг хөндөж, нууцаар ажиллаж хууль зөрчсөөр өдийг хүрчээ.
Тус уурхайн үйл ажиллагааг хамгийн сүүлд 2018 оны арванхоёрдугаар сард зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байсан ч осол гарахаас 14 хоногийн өмнөөс уурхайг зөвшөөрөлгүйгээр ажиллуулж эхэлсэн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Налайх дүүрэг дэх уурхайнуудад давтамжтай шалгалтуудыг хийж, бүх уурхайн үйл ажиллагааг зогсоосон аж. Гэвч дээрх уурхай нь ажиллаж байна гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 9-ний өдөр НМХГ-т иржээ. Энэ мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд нь 10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоосон байж. Гэтэл долоо хоногийн дараа дахин үйл ажиллагаа явуулсны улмаас ийнхүү гурван хүний амь эрсэдсэн осол гарлаа.
Хүний аминд хүрсэн тус уурхайн асуудлыг энэ сард мэргэжлийн хяналтын газрын зөвлөлийн хурлаар оруулж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлээд байсан юм. Гэтэл дахин нууцаар үйл ажиллагаа явуулж байгаад гурван хүний амь насыг хохироолоо. Эзэн хариуцагч нь тодорхой уг хэрэгт ямар хариуцлага оноох нь одоо олны анхаарлын төвд орлоо.