Гэр бүлийн дөрвөн гишүүн хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсныг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн өнгөрсөн /2018/ онд дайчлан баривчилсан. Тэд охид, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн, цагдан хорьж, зорчих эрхийг нь хязгаарлаж, зодож, байнгын сэтгэлзүйн болоод бие махбодийн дарамтад байлган биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаж байжээ.
Нэг гэр бүлийн 4 гишүүн болох П.Загдсүрэн, О.Дарханбаяр, Ө.Дөлгөөнтуул, Ө.Гарьдмагнай нарт СХД дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-10 жилийн хорих ял оноосон юм. Харин гэмт этгээдүүд хэргээ хүлээн зөвшөөрсөн ч, ялын жилийг бууруулах хүсэлтэйгээр давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Тэгвэл нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, гэр бүлийн 4 этгээд охид, эмэгтэйчүүдийг худалдан борлуулахад техник хэрэгслээр хангагдсан, зохион байгуулалттайгаар гэмт хэргээ үйлддэг байсан нь шүүхээр тогтоогдсон аж. Тэд 13-38 насны эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг байсан бөгөөд хохирогч эмэгтэйчүүд биеэ үнэлж байх хугацаандаа жирэмсэлж, төрөн төртлөө худалдагдаж, төрснийхөө 8 хоногийн дараа ч зарагдсаар байсан нь шүүхээр тогтоогджээ. Түүнчлэн хүүхдийг нь салган өөр газарт байлгаж, “биеэ үнэлэхгүй бол хүүхэдтэй нь уулзуулахгүй” хэмээн сүрдүүлдэг байсан гэнэ.