“Монголчуудын үнэт зүйл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Хуралд Монголын нэр нөлөө бүхий эрдэмтэн шинжээчид, судлаачид бүгд ирсэн байв. Тус хурлаас “Монголчуудын ёс суртахууны үнэт зүйл” сэдвээр Академич, МУИС-ийн эмирет профессор С.Нарангэрэл илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг онцлон хүргэж байна.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ МӨНХИЙН ЗҮЙЛ ЁС СУРТАХУУН БОЛОХ НЬ
Хуулийн амин сүнс гэж байх ёстой. Хуулийн амин сүнс нь тэгэхээр юу байдаг, хаана байдаг вэ гэдгийг судалж гаргахгүйгээр үүнийг ойлгох боломжгүй. Энэ судалгаа нь маш олон талтай. Квантын физик, тархи судлал, түүх, сэтгэл судлал, хэл шинжлэл, урлаг, утга зохиол, соёл, мөн гадаад дотоодын бүх эрдэмтэн мэргэдийн сургаал, номлол,үзэл баримтлал гээд олон зүйл орно.
Судалгааны объект нь өвөг дээдэс, хойч үе, тэр бүү хэл гэнэт улс төрд гарч ирэн, улс орныг самарчихаад хүнд харагдах ч эрхгүй болсон хүмүүсийг бүгдийг нь судална. Аливаа төсөл, судалгаа, шинжилгээ анализ нь авч үзэж байгаа ойлголтынхоо нэр томьёо, агуулга хоёр дээр онцгой анхаардаг. Ёс суртахууныг тодорхойлсон гурван нэр томьёо бий. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуун гэнэ.
Философичид үүнийг ёс суртахууны тухай шинжлэх ухаан, сэтгэлгээ, үе үеийн суут сэтгэгчдийн үр дүнгээр тодорхойлолтыг гаргаад ирнэ. Зарим ном сударт ёс суртахууныг “мэргэжлийн хувьд яривал ёс зүй гэнэ” гэж бичжээ. Зан суртахууныг хувь хүн дээр яригдах асуудал гэнэ.Нийгэмд олон хүмүүстэй харилцаад ирэхээр зан суртахууны тухай яриа үүснэ.
Ёс суртахуун гэдэг нь үүсмэл биш, ялангуяа Квантын физик, таталцлын хууль нээгдсэнээс хойш, сүүлийн 100 хүрэхгүй жил тархи судлалын шинжлэх ухаан буюу анагаахын шинжлэх ухааны ололтын үндсэн дээр ёс суртахууныг “Сэтгэцийн хувьд эрүүл саруул хүнд заяагдсан төрмөл өгөгдөл” хэмээн тодорхойлжээ.
Хүн эхээс төрөхдөө ёс суртахуунлаг өгөгдөлтэй төрдөг. Энэ нь шударга, нинжин нигүүлсэнгүй, жудагтай, хайр энэрэлтэй байхыг, нэр төрөө эрхэмлэх, тэсвэр тэвчээр, атаа жөтөө ес хонзон өвөрлөхгүй байхыг боддог, өөрийн үнэ цэнээ алдахгүй байхыг бодох төрөлхийн өгөгдөл ажээ. Хүн гэдэг амьтан оюун ухаан, оюун санааны энергийн хуримтлалын бай. Тэр энергиэ өөрөөсөө үйлдвэрлэдэг, бусад нь долгионыг хүлээж авдаг, хариу үйлдэл үзүүлэн тэр долгион нь бие биеэ татдаг, амьд амьтны ижил зүйлс гэсэн онолыг нээсэн.
Ёс суртахууныг судлахад эртний зүйр цэцэн үг, домог, сургаал зэргийг судлах хэрэгтэй. Хүн арван нас хүртлээ ёс суртахуун нь тархинд суудаг. Арван нас хүрчихээд эвдрэх үү, эсвэл сайн хүн болох уу гэдэг нь тогтоогддог. Тэрнээс хойш хүүхдийг залж чиглүүлэхэд түвэгтэй болдог. Эхийн гэдсэнд байхаас 11-12 нас хүртэл л хүний ёс суртахууны зан төлөв нь тогтдог гэж ойлгож болно.
МОНГОЛЧУУД ЁС СУРТАХУУНЫХАА ҮНЭТ ЗҮЙЛИЙГ АЛДСАН НЬ
Аливаа улс үндэстэн үнэт зүйлээ судлахын тулд түүхээ судлах ёстой. Наад зах нь 1,000 жилийнхээ түүхийг үнэн зөвөөр ойлгох хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн Монголын түүхийг бидний эсрэг тал, дайсан байсан хүмүүс аль 800 жилийн өмнө бичээд өгчихсөн. Тэр түүхээ бид хөгшин залуугүй мэднэ, шүтнэ. Арван гуравдугаар зуунд Чингис хаан гэдэг аймшигтай амьтан гарч ирээд дэлхий дахиныг түйвээгээд, тэнд ч хүний ясаар уул овоо босгоод, энд ч устгал хийгээд, дэлхийн хамаг үнэ цэнэтэй бүхнийг цөлмөөд, эх орондоо аваад ирсэн. Ийм л түүхийг бичиж үлдээсэн.
Өнөөдөр Чингис хааны алж талж, цөлмөж олсон тэр үнэтэй соёлын өв Монголын газар шороон дээрээс олдсон уу гэвэл олдоогүй. Тэр үед Чингис хаан их улсаа байгуулахад хүн ам нь 700-800 мянга, насанд хүрээгүй хүүхдүүдээ цэрэгт татаад 100 мянга хүрдэггүй. Тийм л хүн амтай байсан. Анх байгуулагдахдаа газар нутаг нь урд тал нь Хятадын цагаан хэрэм, баруун талаараа байгал далайн цаад Эрчис мөрөн, хойд талаараа Сибир, зүүн тал нь Хянганы нуруу хүрч байж.
Чингис хаан өөрөө өвөг дээдсээсээ эхлээд асар өндөр ёс суртахуунтай. Тэр ёс суртахуунаараа монголчуудаа, дэлхийг хамтатгасан.
Ёс суртахууны тухай дэлхийн их сэтгэгчид долоо эрэмбэлсэн. Энэ их сэтгэгчдэд Аристотель орно. 2,500 жилийн өмнө Европт Аристотель ёс суртахууныг судалжээ. Гурван том бүтээл нь орчуулагдчихсан байгаа.
Аристотель дүгнэхдээ “Ёс суртахуун гэдэг бол хүний хувьд заяагдмал. Харин тэгш биш байдаг” гээд хэлчихсэн. Яг тэр үед нь Ази тивд Күнз тэр судалгааг хийжээ. Түүний дүгнэлт “Хэрэв эзэн хаан өөрөө шударга байвал, хууль эс гаргасан ч эгэл ард түүнийг дагана. Хэрвээ эзэн хаан өөрөө шударгуу бус байвал, хууль хэчнээн олныг гаргасан ч эгэл ард эс биелүүлнэ” гэсэн байдаг.
Энэ нь, 500 жилийн өмнө гарсан сургаал. Үүнийг өнөөдрийнхөө амьдралтай харьцуулаад үзэхэд аль 500 жилийн өмнө монголчуудын өнөөгийн амьдралыг Күнз хэлчихсэн гэж харж байна. Өнөөдөр хүн төрөлхтөн ёс суртахуун, хууль хоёрыг салгаад хүн төрөлхтөн€үйрэх тал руугаа орсон байна. Ганцхан Монгол ч биш дэлхий даяар сүйрч байна. Тэгэхээр хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл ёс суртахуунд нь байдаг юм байна. Ёс суртахуун нь сайн байвал хүн төрөлхтөн аз жаргалтай, амар жимэр амьдарна.
Монголчуудын ёс суртахуун хаана гээгдсэн гэвэл Чингис хаан дээр жишээ татахад Хоризм руу Чингис хаан яагаад довтлох болсон. Дэлхийд Чингис хааныг хамгийн их гутаасан үзлүүд явдаг. Тийм эх сурвалжуудыг зориуд тарааж үлдээсэн газар бол Перс. Перст байгаа ихэнх их сурвалжууд монголчуудыг хамгийн аюултай, үл бүтэх, алж хядсан ард түмэн гээд бичээд үлдээчихсэн. Түүнийг зориуд хийжээ. Яагаад зориудаар үүнийг хийх болов. Чингис хаанаас өс хонзон авах гэж.
Тэр үед Чингис хаан хүчирхэг байсан болохоор бүх л улс дагаар орсон. Хоризмтай (одоогийн Сири, Иран, Ирак)-тай хиллэдэг байж. Тэгээд Чингис хаан худалдааны замыг аюулгүй болгож, анхны лалын наймаачид ачаа бараагаа дааж ядан орж иржээ. Тэднийг буцахад нь Чингис хаан Хоризмын Шахад илгээлт бичиж “Чи нутагтаа их алдартай. Одоо наймаачид худалдаагаа хөөгөөд яваг.
Би бас өөрийн худалдаа наймааг танай нутагт чөлөөтэй явуулъя” гэх маягийн илгээлт явуулж. “Монголын нууц товчоо”-нд 100 тэмээ ачаатай наймаачид явуулсан гэж гардаг. Бусад их сурвалжид 300 тэмээ гэх олон янзаар бичдэг. Гэтэл тэрийг нь лалынхан алж талаад нэг нь амьд үлдэж, Чингис хаанд хэл хүргэсэн байна. Түүнийг нь Чингис хаан сонсоод Хоризмын Шах биш байх гэж бодоод дахин гурван илч явуулсан байдаг.
Гэтэл гурван илчийг нь бас талснаас нэг нь үхэхээсээ өмнө хэл хүргүүлж, түүнийг сонссон Чингис хаан гурван өдөр, гурван шөнө Бурхан халдун “Арабын тэнгэр, Түрэгийн тэнгэр, Тажийн тэнгэр намайг харж байгаа. Би энэ улсыг бий болгосон. Гэхдээ би энхийг тогтоох ёстой” гээд их цэрэгтэйгээ дайлаар мордож. Гэтэл үүнийг нь Арабын эх сурвалжууд гуйвуулж, дээрэм тонуул, ашиг хонжооны зорилгоор Хоризмыг алж хядсан гэж бичсэн байна.
Гэтэл монголчуудын ноёрхсоны 140 жилд урд талаа агуу их Хятад болгоод өгчихсөн. Оросыг Европ Ази дагнасан их гүрэн болгосон. Арабыг дэлхийн хамгийн баян улс болгож. Ингээд монголчууд хөгжил дэвшил авчирсан түүхийг дараагийн үеийнхэн нь дахин судлах ёстой. Тэгж байж Монголын түүхийг үнэн зөвөөр нь дэлхийд таниулна.
Монголчууд үндэсний эв нэгдлээ алдаад эхэлсэн. XIV зууны үед. Энэ үеэс эхлээд гадны туслалцааг авах гэж дотоодын цус асгаруулалтаа эхлүүлжээ.
Тэр үед монголчууд нүүдэлчин мөртлөө, засгийн эрхээ алдсан. Тэгээд Манжийн хаанд хандаж. Манжууд тэгвэл та нар дагаар ор, би та нарт хууль гаргаж өгье, хуульдаа дотоодын засаг ноёдын чинь эрх мэдлийг хэвээр үлдээе, хятадуудыг монгол эхнэр авахыг хориглоно, хятадууд нутаг руу чинь орж тариалан эрхлэхийг хориглоно гэж XVII зууны гадаад монгол бичигт үлдээж, монголчуудын элит хэсэг санаа нь амарчихсан. Тэгээд 220 жил дарлагдаад ерөөсөө дарлалаас гаръя гэж шийдээд урд талд найдалтгүй боллоо.
Одоо тэгвэл хойд талаа түшнэ гээд 1910-аад оны эхээр Богд хааны нөлөөг ашиглан, хойд талтай холбоо тогтоосон. Ардын хувьсгалын дараа тэр үеийн зүгээр нэг малчин юм уу, элит биш хэсэг засгийн эрхэнд гарсан. Тэр үед нь алтан ургийнхан, хутагт хувилгаадууд амьд байсан ч засгийн эрхийг атгаж чадахаа байсан. Тиймээс коментерноос туслалцаа гуйсан.
Коментерн “Та нар феодлизмын хоцрогдол гэсэн нэр томьёо бий” болгоод “тэдэнтэй хайр найргүй үзнэ” гээд анхныхаа үндсэн хуульд тэдний улс төрийн эрхийг хаасан. Дараа нь хөрөнгийг нь хураасан. Тэгээд үр удамтай нь устгасан. Ингээд 1930 онд монголын элит хэсэг бүхэлдээ байхгүй болсон. Үүнээс болж монголчуудын оюун санааны ялзрал үүссэн. Сүүлийн 30 жилд монгол хүний болон Монгол төрийн үзэл баримтлал нь тансаг хэрэглээг шүтэх, хүсэл нь шунал болсон.
МОНГОЛЧУУДЫН ЁС СУРТАХУУНЫ ҮНЭТ ЗҮЙЛИЙН ДАХИН СЭРГЭЭЛТ
Монголчуудын ёс суртахууныг эргэн сэргээхэд дөрвөн зүйл дээр тулгуурлана. Үүнээс боловсролыг онцоллоо.
Боловсрол: Боловсролын тогтолцоог бүхэлд нь эрс шинэчлэх ёстой. 1-4 дүгээр ангид ёс суртахууны монгол цагаан толгойг оруулах хэрэгтэй. Үүний үндсэн суурь бид гаднаас хуулах ёсгүй. Монгол ардын үлгэр домог, тууль, зүйр цэцэн үг зэргийг хүүхдүүддээ цээжлүүлээд, ойлгуулаад болох болохгүйг нь мэдүүлэх хэрэгтэй. Үүнийг нэгдүгээр ангиас нь мэдрүүлнэ.
Түүнээс өнөөдрийнх шиг нэгдүгээр ангиас нь асар их мэдээллээр толгой тархийг нь зовоож, тарчлааж болохгүй. Одоо бол ядрааж байна. Ялангуяа арай бийлэгжүү мөнгөтэй хэсэг нь англи, европ соёлыг хар багаас нь суулгаж өөрсдөө 4-5 дугаар ангиас нь хүүхдийнхээ учрыг ойлгохоо байх хэмжээнд хүрдэг.
5-9 дүгээр ангид ёс суртахууны өгөгдөл гэсэн хичээл орох хэрэгтэй. Үүнд ёс суртахууны категориудыг заана. Шударга ёс гэж юу вэ, жудаг гэж юуг хэлэх, нэр төр гэж юу болох гэдгийг ойлгуулна. Монголчууд зүйр цэцэн үгэндээ хуулиа биччихсэн ард түмэн.
10 дугаар ангид ёс зүйн үндэс суулгана. Үүнд эмч болбол ямар байх, хуульч хүн ямар төлөвшилтэй байх, хуульд зүтгэсэн хүн ямар ёс зүйтэй байхыг заах ёстой. Хүн төрөлхтөнд гурван удаа галав юүлсэн байна. Галав юүлэх гэхээр хүмүүс галт уул дэлбэрсэн, мөсөн галав юүлсэн гэж ойлгодог. Үнэндээ бол ёс сУртахууныхаа ялзралаар өөрсдийгөө устгаад байсан юм. Одоо бол хүн төрөлхтөн устгахад бэлэн болжээ. Их гүрнүүдэд байгаа цөмийн зэвсгийн кноп. Түүнийг дарахад л хүн төрөлхтөн дуусна.
11-12 дугаар ангид мэргэжлийн ёс зүйн хичээл оруулах. Өнөөдөр манайд 100 гаруй ёс зүйн дүрэм бий. Түүнд ёс зүйн өгөгдлийн тухай суулгах ёстой ойлголтууд нэг ч байхгүй. Шударга байх ёстой, үнэнийг эрхэмлэх, үнэнч нигүүлсэнгүй байх, харгис хэрцгий байж болохгүй гэдэг ч юм уу ийм заалтууд ер байдаггүй.
Академич, МУИС-ийн эмирет профессор С.Нарангэрэлээс илтгэлийнх нь талаар тодруулан ярилцав.
-Таны илтгэлийн үндсэн чиглэл юу байв?
-Хууль ёс суртахуун хоёрын харилцан уялдааг гаргах. Өнөөдөр монголчууд хууль гэдгийг юу гэж ойлгож байна гэхээр хууль тогтоогчдын нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор батлан гаргасан эрх зүйн хэм хэмжээн нийлбэр цогц. Гэтэл 76 маань ямар байгаа билээ. Баталсан хууль нь хэний эрх ашгийг хамгаалаад байна гэж бодохоор хуулийн мөн чанар, амин сүнс нь харагдаж егдөггүй. Миний судалснаар хууль гэдэг ёс суртахууныг хамгаалан батжуулагч.
-Жудаг, ёс суртахуун хоёр юугаараа ялгаатай юм. Өнөөдрийн монголчуудын жудаг хэр байгаа гэж хардаг вэ?
-Монголчууд энэ дэлхийн хамгийн жудаггүй ард түмэн болсон. Дэлхийн улс бүрт монголчууд хулгай хийлээ гэж яригддаг болсон. Хамгийн сүүлд л гэхэд Тайландын хааны ордноос хулгай хийж байгаад баригдсан. Хуульдаа ч биш ёс суртахуунаа л сайн дагах хэрэгтэй. Боловсролын систем нь хүртэл дампууралд хүрсэн байна.
-Ёс суртахууныг юугаар тогтоох ёстой юм бол?
-Нэгдүгээрт хуулиар, хоёрдугаарт боловсролоор, дээрээс нь шашнаар тогтоох. Шашин гэдэг ёс суртахууныг тогтоогч бас нэгэн хэмжүүр байх ёстой. Гэтэл өнөөдөр ном уншиж байгаа хүү өөрийнхөө уншиж буй номоо ойлгодоггүй. Зүгээр л хар багаас нь цээжинд орсон зүйлээ л уншиж байна. Уншуулж байгаа хүн нь ч номоо ойлгохгүй. Шашин бол хүнийг ариусгадаг, дотрыг цэвэрлэдэг нийгмийн том хэрэгсэл байсан. Одоо муу муухай үйл хийсэн хүн хэдэн халтар төгрөг бариад лам дээр өөрийгөө ариутгахыг хүсдэг хэрэгсэл болж.
-Ёс суртахуун заяагдмал гэж таны илтгэлд тодорхойлжээ. Тэгэхээр ээж болохоо мэдсэн хүн хүүхдээ гэдсэнд байх цагаас нь хүүхдэдээ ёс суртахууныг суулгах ёстой юу?
-Сэтгэцийн хувьд эрүүл хүнд заяагдмал. Гэхдээ бас нэг онол бий. Тэр онол нь хүн гэдэг бичнээс үүсэлтэй гэдэг. Хэрвээ хүн бичнээс үүссэн юм бол хүний ёс суртахууны хэм хэмжээ үүсмэл байх ёстой. Үүсмэл гэж үзээд ёс суртахууны хэм хэмжээг тогтоох ёстой. Эрдэмтэд бодож олох ёстой гэсэн ийм зүйлүүд дагаж гарна.
Гэтэл Квант, Күнз, Аристотелийн онолоор хүний ёс суртахуун төрмөл, хүний мөн чанар нь ёс суртахуунлаг гээд баталчихсан. Тэгэхээр эх хүн хүүхдээ гэдсэнд байхаас нь зүйр цэцэн үг, домог, үлгэрээр хүмүүжүүлж байх ёстой юм байна. Тэгээд хүүхдээ арван нас хүртэл ёс суртахууныг зөв суулгаж чадсан хүүхэд сайн явна.