АНУ-ын Хууль зүйн яам удаан хугацаанд үргэлжилсэн Ерөнхийлөгч Д.Трамп эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийн мөрдөн шалгах ажлын хавтаст хэргийг олон нийтэд танилцууллаа. Уг хэрэгт томилогдсон тусгай мөрдөгч Роберт Мюллер нийт 448 хуудас бүхий хавтаст хэргийг өчигдөр буюу пүрэв гаригт Ерөнхий прокурор Виллам Баррт хүлээлгэн өгсөн байна.
Уг хавтаст хэргийн 427 хуудас нь одоо хэрнэ үргэлжилж буй мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой нууц материал аж. Үүний дунд нотлох баримттай холбоотой 358 хуудас, мөрдөн шалгах ажиллагааны техниктэй холбоотой 97 хуудас, хүний хувийн нууцтай холбоотой 74 хуудас материалууд байгаа учир олон нийтэд засвар хийсэн хувилбараар танилцуулсан байна.
Энэ хэрэгт томилогдсон тусгай мөрдөгч, Холбооны мөрдөх товчооны дарга асан Роберт Мюллер мөрдөн шалгах ажлын явцад түүнийг Оросын талтай холбоотой, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн болон эрх мэдлээ урвуулан ашигласан гэх бодит нотолгоо олоогүй болохыг мэдэгдсэн юм. Тэрээр “Ерөнхийлөгч Доналд Трампыг хууль зөрчсөн эсэхийг шийдэх бүрэн эрх нь Конгресст байгаа” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Харин улс төрийн тоймчид уг үйл явдлыг бүхэлд нь Доналд Трампын 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй өөртэйгөө холбоотой асуудалд цэг тавих гэж оролдож буй үйлдэл гэж дүгнэсэн юм. Энэ бүхэн анхнаасаа ингэж дэврэх болж, бүр Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх талаар хэлэлцэж, огцруулах хэмжээнд хүрсэн нь Ардчилсан намын зүгээс зохион байгуулалттай хийж буй сонгуулийн бэлтгэл ажил гэж тодорхойлжээ.
Уг хавтаст хэрэгт тусгагдсан зүйлсээс хамгийн сонирхолтой хэсэг нь 2017 оны тавдугаар сард цагаан ордонд болсон нэгэн үйл явдал болохыг “CNN” онцолсон юм. АНУ-ын Ерөнхий прокурор асан Жефф Сэшионс Цагаан ордон дахь Ерөнхийлөгчийн албан өрөөнд Холбооны мөрдөх товчооны шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр хүрэлцэн ирсэн байна. Тэрээр тухайн үед Ерөнхийлөгч Доналд Трампад хандан түүнтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажлын явцаас цухас дуулгасан аж.
Тухайн үед тэнд байсан хүмүүсийн мэдүүлгээр Ерөнхий прокурорын амнаас мэдээ сонсмогцоо Доналд Трамп сандал дээрээ үсэрч суугаад “Бурхан минь. Энэ бол үнэхээр аймшигтай. Энэ бол миний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн төгсгөл. Би ч баларчээ” гэжээ. Чухам юу гэж хэлсэн болохыг тусгаагүй юм. Үүний дараа тэрээр огцом уурлаж Ерөнхий прокурор асан Жефф Сэшионсд хандан “Чи намайг хамгаалах ёстой биз дээ. Энэ бүхэн ийм төвшинд очих ёсгүй байсан юм. Чи тусгай мөрдөх тасгийн ажлын дүгнэлтийг үндэслэн миний нэрийг Оростой холбоотой асуудлаас цэвэрлэх ёстой” гэсэн байна.
Харин Жефф Сэшионс түүнийг эсэргүүцэж, хэрвээ тусгай мөрдөгч нарын хэрэгт хөндлөнгөөс оролцвол ерөнхийлөгчийн бүрэн эрхт нь жинхэнээсээ асуудал үүсэж, магадгүй итгэл үзүүлэх хүртэл тухай яригдаж болохыг анхааруулсан аж. Үүний дараа Ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг Ерөнхий прокурорын ажлаа өгөх ёстой гэсэн байна.
Тэр ч зөвшөөрч албан өрөөг орхин гарсан байна. Жефф Сэшионс маргааш өдөр нь ахин Цагаан ордон дахь ерөнхийлөгчийн албан өрөөнд ирж Ерөнхийлөгчид өөрийн огцрох өрөгдлөө гардуулсан байна. Харин түүний огцрох хүсэлтийг хууль тогтоох байгууллага үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэрээр ахин нэг жил Ерөнхий прокурорын албыг хашсан юм. Энэ хугацаандаа Оростой холбоотой хэргээс зайгаа барьж байсан нь Доналд Трампд таалагдаагүй учир 2018 оны арваннэгдүгээр сард түүнийг хүчээр албан тушаалаас нь огцруулсан байдаг.
Эх сурвалж: Reuters, CNN