УИХ-ын чуулганы өчигдрийн (2019.04.18) хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Захиргааны ерөнхий хуулийн:
-3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох хэсэг,
-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын холбогдох хэсэг,
-7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.7-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Хууль зүйн байнгын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлж захиргааны эрх зүйн суурь үзэл баримтлал, ерөнхий зарчмыг алдагдуулахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамаарахгүй байх, харилцааг тухайлсан хуулиар зохицуулах, мөн Захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлдэггүй байх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Захиргааны өрөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.