-ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН ТҮҮХИЙ ЛАГИЙН НАСОСЫГ 48 ЦАГИЙН ДОТОР ГОРИМД НЬ ОРУУЛНА-
УБ хотын төв цэвэрлэх байгууламжид хүний амь нас эрсэдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгээс ээлжит мэдээллээ хийлээ.
Ажлын хэсгээс одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж нь эхний ээлжинд хүлээж авдаг түүхий лаг шахах насосын станцыг 48 цагийн дотор горимонд нь оруулж ажиллуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Шуурхай ажлын хэсэг өчигдөр оройноос одоог хүртэл завсарлагагүй ажиллаж байгааг онцоллоо.
Өнөөдөр мөн мэргэжлийн дэмжлэг, хэвийн горимд оруулах үүрэг бүхий дэд Ажлын хэсгийг байгуулжээ.
Ингээд тухайн насосын станцад хуримтлагдсан лагийг зайлуулах ажлын талаар товч мэдээлэл өглөө.
Өчигдрийн нөхцөл байдлаас үргэлжлүүлээд өнөөдөр тэнд хуримтлагдсан лагийг соруулж зайлуулж байгаа аж. Одоогийн байдлаар 50-60 см-ын зузаан лаг хуримтлагджээ. Тэрхүү хамгийн өтгөн лагийг шингэлж зайлуулах ажил одоо үргэлжилж байгаа гэлээ. Ойрын 1-2 цагийн дотор осол болсон хэсгийн лагийг бүрэн цэвэрлэж, мэргэжлийн болон хуулийн байгууллагыг ажиллах нөхцөл байдлаар хангах ажлыг хийж байна.
Ажлын хэсгийнхэн амь эрсэдсэн иргэдийн ар гэрийнхэнтэй нь уулзаж, уй гашууг нь хуваалцан даван туулах ажилд дэмжлэг үзүүлж байгаа талаар товчхон хэллээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд ослын талаар болон одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан Засгийн газар болон Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор ажлаа хийж яваад амь эрсэдсэн ажилчдынхаа ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлснийг дуулгахын сацуу хотын удирдлагуудын өмнөөс ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийллээ.
Мэдээллийн үеэр Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалангийн зүгээс хүлцэл өчив. Учир нь мөрдөн шалгалтын ажилд хөндлөнгөөс саад учруулах эрхгүй учраас цагдаагийн болон прокурорын байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу зөвхөн Ажлын хэсгийн хуульд заасан эрх хэмжээний хүрээн дэх мэдээллийг хүргэж байгаа хэмээн тайлбарлав.
-ОСЛЫН ГАЗАРТ ХОРДЛОГЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ АРИЛААГҮЙ УЧРААС ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА-
Төв цэвэрлэх байгууламжийн тухайн орчныг тусгай горимд шилжүүлэн ажиллаж байна. Мөн тэнд үүссэн олон шалтгаан нөхцлийг тодорхойлох Ажлын хэсгүүд ажиллаж дүгнэлтээ өгнө. Үүний дараа мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарна гэв.
Ослын орчинд хурц хордлогын асуудал үүссэн учраас онцгой байдлын газрын хяналт дор хэмжилт хийж, дараагийн ажлууд хийгдэх бололцоог нь хангаж өгөх үүргийг мэдээлэл хийхийн өмнө Ажлын хэсгийн хурлаар даалгажээ. Өөрөөр хэлбэл, одоогоор хуулийн байгууллага ослын газарт ажиллах боломжгүй байгаа юм. Мөн дахин осол гарахаас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байгаа гэж мэдэгдлээ.
Осол гарсан орчинд амиа алдсан дөрвөн хүнээс гадна таван хүний эрүүл мэндийн асуудал яригдаж буй. Тодруулбал, цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан, гэрээт байгууллагын нэг ажилтан тухайн үед хурц хордлогод орж, хордлогын төвд очсон. Мөн өнгөрсөн шөнө эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, сэтгэл зүйн болон тухайн орчинд ажиллаж байсан хүмүүсээс нэмж эмнэлгийн үйлчилгээ авсан байна. Тэгэхээр эмнэлэгт нийт найман хүн хордлого, сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт байгаа хүмүүсийн биеийн байдал тогтворжиж, хэвийн болжээ. Гэхдээ химийн бодисын хордлого учраас тодорхой хугацаанд үе шаттайгаар шинжилгээ авдаг гэнэ.
Ар гэрийнхэнд нь үзүүлэх тусламж, дэмжлэгийн тухайд ярихдаа Ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан “Нэгдүгээрт цэвэрлэх байгууламжийн ажилтнууд байсан. Хоёрдугаарт, УСУГ-ын харьяа, дээр нь үйлдвэрлэлийн осол учраас хууль тогтоомжид заасан бүх тусламж дэмжлэгийг үзүүлнэ. Гэхдээ зөвхөн хууль тогтоомжийн дагуу гэхээс гадна өчигдөр хотын даргын хэлсэнчлэн бүх тал дээр нь тусалж дэмжиж ажиллана” гэв.
Амиа алдсан иргэн тухайн өдөр ээлжгүй байсныг дуудаж ирүүлсэн тухай, цэвэрлэх байгууламжийн эвдрэл, өмнөх засвар үйлчилгээний талаарх асуултууд хариултгүй үлдлээ. Учир нь хүний амь эрсэдсэнтэй холбогдуулж мөрдөн шалгах үйл ажиллагаа, хэрэг бүртгэлийн ажил явагдаж байгаа энэ үед илүү мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбарыг хэлснээр хэвлэлийн хурал өндөрлөлөө.